Орон нутагт халдварын тохиолдол нэмэгдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар "КОВИД-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсов.
Цар тахлын тохиолдол дэлхийн улс орнуудад буурахгүй байна. ДЭМБ-ын мэдээллээр энэ сарын 7-ны байдлаар “цар тахал дэлхийн 225 улсыг хамарч, нийт 221.9 сая хүн халдвар авсны 4.5 сая нь нас барж, 198.5 сая нь эдгэрчээ. Харин манай улсад өнөөдрийн байдлаар 240 938 хүн өвчилсний 242 695 нь эдгэрсэн байна. Нийт халдварын 104 758 нь орон нутагт, 135.252 нь нийслэлд бүртгэгджээ.
Улсын хэмжээнд цар тахлаар 18 хүртэлх насны 46 019 хүүхэд өвчилсөн нь нийт халдварын 19.5 хувийг эзэлж, тэр дундаа 4 хүртэлх, 5-11 насныхан нийт өвчилсөн хүүхдүүдийн 68 хувийг эзэлж байна. Коронавируст халдвараар өвчилсөн 2687 хүүхэд есдүгээр сарын 6-ны байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Засгийн газраас дөрвөн төрлийн вакцины нийт 6 188 590 тунг татан авч, хүн амаа вакцинжуулж байна. Вакцины нөөц хангалттай байгаа учир амын дунд дархлаажуулалт өндөр хувьтай явагдаж байна. Есдүгээр сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт хүн амын 69.0 хувь нь дархлаажуулалтын нэгдүгээр тунд, 64.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн вакцины гуравдугаар тунд өнөөдрийн байдлаар 139 991 хүн хамрагджээ.
Улсын хэмжээнд өссөн дүнгээр жирэмсэн эмэгтэй 6114, хөхүүл эмэгтэй 5772, 12-15 насны хүүхэд 183.564, 16-17 насны 74 655 хүүхэд вакцины эхний тундаа хамрагдсан байна.