Японд тэргэнцэртэй хүмүүст ээлтэй таксины тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-06 15:05:46

ТОКИО. /NHK/. Японы Тээврийн яам тэргэнцэртэй зорчигчдыг тээвэрлэх нөхцөлийг хялбаршуулсан "бүх талыг хамарсан нийтлэг загвар" бүхий таксинуудын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


2020 оны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хотоор шалгарахаас өмнө Токио хотод ийм таксины тоо хэдхэн зуугаар тоологдож байсан бол 2019 оны санхүүгийн жилд 21700 орчимд хүрч нэмэгджээ. Мөн "Токио-2020" наадмыг угтан томоохон галт тэрэгний буудал, замуудыг тэргэнцэртэй хүмүүс зорчиход саадгүй болгосон юм. 


Тээврийн яам ирэх таван жилийн хугацаанд муж бүр дэх таксины 25 орчим хувийг ийм загварын тээврийн хэрэгсэл бүрдүүлнэ хэмээн тооцоолж байна. Тийнхүү тэргэнцэртэй хүмүүст зориулсан бусад төрлийн таксинуудтай нийлүүлснээр ийм үйлчилгээ үзүүлэх таксины тоо дээр дурдсан хугацаанд 90 мянгад хүрэх төлөвтэй байна.


Японд 2017-2020 оны санхүүгийн жилд Засгийн газар тэргэнцэртэй зорчигчдыг тээвэрлэхээс татгалзсан таксины компанид хариуцлага ногдуулсан, зөвлөмж өгсөн 36 тохиолдол гарчээ. Мөн зорчигчдыг таксинаас сууж, буухад нь тусалсныхаа төлөө хууль бус төлбөр авсан явдлууд гарсантай холбогдуулан зохих төлбөрийг тогтоохыг холбогдох компаниудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ