“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг Замын-Үүд боомтоор татан авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-09-06 08:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 170 гаруй машин ачааг өнөөдрөөс Замын-Үүд боомтоор богино хугацаанд татан авна.


Тус хилийн боомтоор өдөрт дунджаар 100-120 машин ачаа нэвтрэн орж байна. Үүний 40-45 нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн машин ачаа байх бөгөөд татан авалтыг 4-5 хоногт зохион байгуулахаар төлөвлөжээ.


“Эрдэнэт үйлдвэр” нь цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, хог, усны төлбөр хураамжийг төлж, улсын төсвийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байгаа тул үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэхэд шаардлагатай ачааг татан авахад дэмжлэг үзүүлж байгаа аж. Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Дарханы авто замын бүтээн байгуулалт, дулаан, цахилгааны шугам сүлжээний засвар үйлчилгээний хэрэгцээт бараа материал, тоног төхөөрөмж болон бусад ачаа барааг хилээр шуурхай нэвтрүүлэх зохицуулалт хийхийг ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан онцолж байв.


Замын-Үүд-Эрээн боомтоор өдөрт нэг талдаа 250-300 ачаа тээврийн автомашин нэвтэрч байсан бол коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас 2020 оны сүүлчээр БНХАУ-ын Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлтийг зогсоохгүй үүднээс Хятадын талын тавьсан шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сараас тодорхой тооны жолоочийг Эрээн хотын гаалийн буудалд байршуулж, хилийн “0” цэгт жолооч сэлгэх байдлаар тээвэрлэлт хийж байгаа. Одоогоор 40 жолооч Хятадын талд байрлаж байгаа аж.


“Засгийн газрын тогтоолоор Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа байгуулан, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг халдваргүй бүс болгоход анхаарч, төмөр замын тээврийг нэмэх, автотээврийн зохицуулалтад өөрчлөлт оруулан шаардлагатай арга хэмжээ авч байна. Ингэснээр 7 дугаар сараас Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтрэх ачааны хэмжээ нэмэгдсэн ч цар тахлаас өмнөх хэмжээнд хүрээгүй байгаа. Иймд өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс эдийн засаг, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр, бүтээн байгуулалтад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг хилийн боомтоор шуурхай нэвтрүүлэх шаардлага үүссэн”-ийг Ё.Жаргалсайхан дурджээ. 


Холбоотой мэдээ