37200 хүүхдийн амьдралд хариуцлагагүй хандаж болохгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-07-01 16:03:32

ЭЕШ-тай холбоотой асуудлаар Монголын Сурагчдын холбоо, эцэг эхчүүд болон багш нарын төлөөлөл мэдээлэл хийв.

Тэдний зүгээс ЭЕШ-ын материал задарсан эсэхэд цагдаагийн байгууллага одоо ч шалгалт хийж байгаа. Гэтэл шалгалтын ажиллагаа үргэлжилж байхад дундаас нь “ЭЕШ-ын материал задраагүй” хэмээн мэдээлсэн. Тиймээс хууль хяналтын байгууллага эцсийн үнэн зөв хариуг яаралтай өгөхийг хүсч буйгаа илэрхийлсэн юм.

Монголын Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ хэлэхдээ, “ЭЕШ-ын үеэр гар утас чөлөөтэй ашиглан, хоорондоо чөлөөтэй ярьж, бүрэн камержуулалт байхгүй, шалгалт авч байсан багш нар ард нь унтаж байсан тухай хүүхдүүдийн мэдээлэл байна. Тиймээс 37200 гаруй хүүхдийн амьдралд хариуцлагагүй хандаж болохгүй” гэв.

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн багш С.Батбилэг ярихдаа, “Математикийн хичээлийн шалгалт зургадугаар сарын 18-нд болсон. Өглөө 10 цагийн үед хүүхдүүд “Багшаа ийм бодлого ирнэ, бодож өгөөч” гэсэн. Би тест задарсан гэдэгт итгээгүй ч бодож өгсөн. Гэтэл сүүлд шалгалтын түлхүүр гарсны дараа харахад миний бодсон бодлогууд мөн байсан. Миний хувьд их сургуульд 22 дахь жилдээ математикийн багшаар ажиллаж байна. Тест задарсан гэдэг нь баталгаатай үнэн. Энэ жилийн хувьд энэ асуудал ингээд өнгөрнө. Үүнээс салбарын яам, БҮТ сургамж авч, ирэх жилүүдэд ийм асуудал үүсгэхгүй талаас нь бүх арга хэмжээг авч ажиллаачээ гэж хүсч байна” гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ