Оюутны хөгжлийн зээлийг үргэлжлүүлэн олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилд оюутан хөгжлийн зээлийг хэрхэн олгох талаар Боловсролын зээлийн сангаас өнөөдөр мэдээллээ.
Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд, “Оюутны хөгжлийн зээлийг 1993-2016 он хүртэл "Хөнгөлөлттэй зээл" нэрээр оюутанд олгодог байсан. Өөрөөр хэлбэл, дотоодын их, дээд сургуульд сурах оюутнууд дипломоо барьцаанд тавиад суралцдаг байсан. Харин гадаадын их, дээд сургуульд суралцах иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж зээл авдаг байсан. Мөн хугацаанд Боловсролын зээлийн сангаас нийт 40 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 30 мянга орчим оюутанд олгосон. Одоогоор 13 мянга 650 ширхэг диплом манайд байна. Эдгээр дипломыг авахыг шаардаж маш олон удаа албан бичиг хүргүүлсэн” гэв.
2021-2022 оны хичээлийн жил оюутны хөгжлийн зээлийг 2-4 дүгээр курст суралцаж
байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм. Оюутны хөгжлийн зээлийг шинээр олгохдоо зөвхөн Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх 35 чиглэлийн
мэргэжлээр суралцагсдад олгоно. Өмнөх хичээлийн
жилүүдэд оюутны хөгжлийн
зээлд хамрагдаж байсан суралцагсдад мэргэжлийн чиглэл харгалзахгүй
зээл олгоно.
Мөн Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу өнчин, цаатан
өрхийн, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад буцалтгүй тусламж
олгодог. Үүнийг энэ жил
үргэлжлүүлэн олгоно гэдгийг тэрбээр онцолсон юм.