Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 32.4 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-26 10:49:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (32.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 1.9 (34.5 хувь) их наяд, боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 649.6 (34.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Мөн цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 77.9 (11 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 12.2 (15.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 154.4 (9.7 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 151.6 (33.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлсөн аж.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард нэг их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.1 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолт 98.4 (13.7 хувь) тэрбум, газрын тос олборлолт 42.9 (2.2 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр хайлуур жонш, зэсийн баяжмал, металл агуулгаараа, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, чулуун нүүрс, газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5 хувиас 2.5 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гурил, катодын зэс, 99 хувь, самнасан ноолуур, цемент, согтууруулах ундаа, шохой, шингэн сүү, нүүрсэн шахмал түлш, металл бэлдэц, малын мах, янжуур тамхи, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.3 хувиас 2.5 дахин нэмэгдсэн байна.


Харин уул уурхай, боловсруулах аж үйлдвэрийн салбарт алтны олборлолт 4.4 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа, жүүс, спирт, амны хаалт болон ноолууран сүлжмэл эдлэл зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8-77.1 хувиар багаслаа.


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (53.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.2 (72.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 2.9 (69.5 хувь) их наяд, нүүрс олборлолтын салбарын борлуулалт 937 (78.4 хувь) тэрбум, газрын тос олборлолтын салбарын борлуулалт 386.2 (4 дахин их) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөллөө.


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 9.1 их наяд төгрөг буюу 64.5 хувийг гадаад зах зээлд борлуулжээ. Гадаад зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний 8.3 их наяд төгрөг буюу 91.6 хувийг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж байна.


Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 69.2 хувийг металлын хүдэр олборлолтын, 22.8 хувийг нүүрс олборлолтын, 6.2 хувийг газрын тос олборлолтын, 1.8 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбарын бүтээгдэхүүн эзэлж байв. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2021 оны эхний 7 сард 146 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.9 хувиар нэмэгджээ.

 

Холбоотой мэдээ