Хятадад үйлдвэрлэсэн анхны онгоцоор нислэг үйлдэж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-30 11:43:46

БЭЭЖИН. /Кyodo/. Хятадын дотоодод үйлдвэрлэсэн анхны хот хоорондын зорчигч тээврийн нисэх онгоцыг нислэгт гаргажээ.

“ARJ21” загварын нисэх онгоцыг Хятадын төрийн эзэмшлийн нэгэн компани зохион бүтээсэн байна.

Тус улсын иргэний агаарын тээврийн “Chengdu Airlines” компани энэ долоо хоногийн мягмар гарагт Чөндү хотоос Шанхайн чиглэлд уг нисэх онгоцоор анхны арилжааны нислэгийг үйлджээ.

“ARJ21” нисэх онгоцыг 78 болон 90 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хоёр загвараар зохион бүтээсэн бөгөөд 3700 хүртэлх км замыг туулах чадалтай ажээ.

Уг нисэх онгоцыг үйлдвэрлэгч компани олон зуун онгоцны захиалга авсан байна. Эдгээр захиалгын дийлэнхийг Хятадын иргэний агаарын тээврийн компаниуд өгчээ.

Тус компани АНУ, Европын улсууд болон Японд уг нисэх онгоцыг борлуулахад шаардлагатай аюулгүй байдлын үнэлгээний гэрчилгээг хараахан аваагүй байгаа гэнэ.

Хот хоорондын зорчигч тээврийн нисэх онгоцны дэлхийн зах зээлд Канад болон Бразилын компаниуд томоохон байр суурь эзэлдэг юм. Харин Японы “Mitsubishi Aircraft” компани “MRJ” загварын нисэх онгоцыг зохион бүтээж байна. Энэ нь бараг сүүлийн 50 жилийн хугацаанд Японд үйлдвэрлэж буй анхны хот хоорондын зорчигч тээврийн нисэх онгоц аж.

Тэгэхээр энэ зах зээлд өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ