“Монгол Улсын гадаад харилцаа” он цагийн товчоон номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-08-21 21:50:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ Засгийн газрын 2 дахь 100 хоногт хийсэн ажлын тоймоо Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт танилцуулав. Энэ үеэр Монгол Улсад орчин цагийн дипломат албыг үүсгэн хөгжүүлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол Улсын гадаад харилцаа” он цагийн товчоон номын нээлтийг хийлээ. Тус үйл ажиллагаанд Монгол Улсад байнга оршин суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар, Монгол Улсаас хилийн чанадад шинээр томилогдсон Элчин сайд тэргүүтэй 80 гаруй зочин төлөөлөгч оролцов.






“Монгол Улсын гадаад харилцаа” он цагийн товчоон номд 1911-2021 он хүртэлх 110 жилийн түүхэн үйл явдлыг багтааж, монгол төрийн алтан аргамж болсон гадаад бодлогын үндэс, түүхэн хөгжлийн үе шатыг хураангуйлан бичиж, нэн чухал зураг, баримтыг оруулжээ.

Мөн энэ үеэр Г.Баярчимэгт Соёлын элч цол олгож, түүний “Монголыг Төсөөлөхүй” зурагт альбомыг танилцуулсан юм. Уг зурагт альбом дахь гэрэл зургууд нь “AR” технологийн аргаар төсөөллийг илүү бодитой болгож, Монгол орны унаган байгалийг харуулсан томоохон бүтээл болжээ. Альбомд орсон гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж, зочдод мөн үзүүллээ.

Энэхүү арга хэмжээнд МУГЖ, Монгол Улсын консерваторийн дэд профессор, Монгол Улсын Соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг, МУСТА, хөөмийбит жанрыг санаачлагч Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр нар уран бүтээлийн дээжээсээ толилуулав.



 

Холбоотой мэдээ