Хагас жилийн судалгааны дүнд 16 зүйлийн 1407 бодгаль бүртгэгдсэн байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-08-20 16:44:50

Завхан/МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас хагас жилийн байдлаар 65 удаагийн ажиглалт судалгаа хийсэн байна.

-Судалгааг ойн туруутны, шувуудын, махчин амьтдын, тарваганы гэсэн ангиллаар хийгээд байна. Тухайлбал туруутны судалгааг Тарвагатайн нурууны Байгалийн цогцолборт газар, Отгонтэнгэрийн Дархан цаазат газруудад замналын судалгааны аргазүй болон цэгэн тооллогын аргазүйгээр 56 удаа хийжээ. Харин шувууны зургаа, тарваганы гурван удаагийн судалгааг тус тус хийжээ. Судалгааны дүнд хөхтөн амьтан 11 зүйлийн 1341 бодгаль, жигүүртэн дөрвөн зүйлийн 57 бодгаль тэмдэглэгдсэн байна. Судалгааны үр дүнд Биосан программд нийт 16 зүйлийн 1407 бодгаль бүртгэгдсэн байна.

Энэ жилийн судалгаагаар Халиун бугын тоо толгой өсжээ



Уулын туруутны судалгааны явцад янгир ямаа нь Отгонтэнгэрийн ДЦГ-ын Үзүүрийн хүрэн, Битүүт, Гялгар орчимд, харин аргаль хонь нь  Буянтын эх орчимд цөөн тоогоор тогтмол байршиж байгаа нь ажиглагдлаа.

Халиун бугын судалгааг шугаман замналын арга зүйг ашиглан судалгааг хийж 701 бүртгэгдсэн байна.  Хагас жилийн байдлаар дайр 33, согоо 245 бодгаль тус тус бүртгэгдээд буй. Халиун бугын амьдрах орчны сонголтын хувьд шилмүүст ойтой уулын ар хажуугийн дунд хэсгийг илүү сонгон идээшлэн байршдаг байна. Мөн гуу жалга бүхий гүвээ толгодтой шинэсэн ойн зах хэсгээр өглөө оройн цагаар бэлчээрлэх. Ойн цоорхой, нарийн гол горхитой, хөвдөн бүрхэвч сайтай газруудаар төлтэй согоо илүү байршдаг байна. Мөн халиун бугын эврийн судалгааг хийсэн ба  нийт 200 гаруй хос эвэр олдсон гэсэн мэдээлэл байна. Үүнээс үзэхэд Халиун бугын тоо өссөнийг харуулж байна. Бор гөрөөсний тохиолдцыг авч үзвэл Тарвагатайн нурууны Улаанхаалга хэсгийн Бургаст,  Ямаат, Гялгар,  Идэрийн эх орчмын нутгууд нь гол байршил нутаг нь юм гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 

Холбоотой мэдээ