Хөвсгөл нуурыг "Хүн ба шим мандал" дэлхийн сүлжээнд бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-08-18 15:39:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн гишүүн орнуудыг эгнээндээ нэгтгэсэн Засгийн газар хоорондын зөвлөл ирэх оны 10 дугаар сард хуралдах юм. Хурлын үеэр манай улс Хөвсгөл нуурыг "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгүүлэхээр бэлтгэж байна.


Ингэснээр нуурыг хамгаалж эко системийг сайжруулахад шаардлагатай дэмжлэг туслалцааг ЮНЕСКО-гоос үзүүлэх боломжтой болох аж. Мөн Хөвсгөл далайг цэнгэгээр нь авч үлдэх чиглэлээр дэлхийн улс оронтой хамтран ажиллах чухал ач холбогдолтойг байгаль орчны эрдэмтэн мэргэжилтнүүд мэдэгдэж байна. 


Манай улс Хөвсгөлийн нуурыг дархдуудын соёлын болон далайн байгалийн онцлог байдал хосолсон гэдгээр нь Холимог өвийн төрөлд бүртгүүлэх боломжтой аж. Ингэж бүртгүүлснээр Хөвсгөл далай дэлхийд данстай болохоос гадна байгаль хамгаалах чиглэлээр хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудалтай холбоотой тайлангаа Засгийн газар хоорондын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм. 




Үүний өмнө ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, БОАЖЯ болон орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран Хөвсгөл нуурыг "Хүн ба шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ"-нд бүртгүүлэх урьдчилсан хэлэлцүүлэг, сургалтыг зохион байгуулж ирсэн. Үүгээр Хөвсгөл нуурыг "Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ"-нд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх, шалгуур үзүүлэлт, мөн экогидрологийн шинэ аргачлалыг танилцуулсан юм. Мөн "Эко соёл" сан, "Хөвсгөл далай ээж" зэрэг ТББ-ууд Хөвсгөл нуурыг хамгаалах талаар олон улсын хэлэлцүүлэг болон аяныг сүүлийн 2 жил өрнүүлж ирсэн юм. Мөн АХБ-наас "Хөвсгөл нуурын усны чанарыг хянах" төслийг хэрэгжүүлж байгаа юм. 




Тодруулга: “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь хүн, байгалийн зохистой харьцааг дэмжих, байгаль орчныг бохирдуулах, байгаль экологид сөрөг нөлөө бүхий санаатай болон санаандгүй үйлдэл гарахаас урьдчилан сэргийлдэг дэлхийн сүлжээ хөтөлбөр юм.  Дээр дурдсан Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-гийн гишүүн 193 улс орныг эгнээндээ нэгтгэдэг. Монгол Улс ЮНЕСКО-гийн жинхэнэ гишүүн орон юм. 




Холбоотой мэдээ