Бизнесийн ёсзүйн төв, АТГ хамтран уулзалт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-13 17:33:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд Бизнесийн ёсзүйн төв ажиллаж байна. Тус төвөөс өнөөдөр бизнес эрхлэгчид болон АТГ-ын төлөөлөл оролцсон “Business breakfast” уулзалтыг зохион байгууллаа.

Манай улс өнгөрсөн онд авлигын индексээр 5 байраар ухарч, 180 улсаас 111-д жагссан талаарх мэдээллийг “Транспэрэнси Интернэшнл”-ээс танилцуулав. Энэхүү үзүүлэлтийг ахиулах зорилго бүхий ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан юм. Ажлын хэсгийн үйл ажиллагаа төлөвлөгөө болон нэн яаралтай хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлоход бизнес эрхлэгчдийн саналыг сонсох зорилгоор АТГ-ын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнесийн холбоодын төлөөллийг оролцуулан өнөөдрийн уулзалтыг зохион байгуулав.




Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, ёс зүй, шударга байдлыг дэмжихэд МҮХАҮТ голлох үүрэг хүлээн оролцох талаар уулзалтаар хөндлөө. Улмаар бизнесийн орчин дахь авлигын тархалтыг зогсооход хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах чухал байгааг ярилцав. 

"Транспэрэнси Интернэшнл" байгууллага "Рио Тинто Монгол" ХХК хамтран “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг дэмжих үүднээс урт хугацаанд бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилготой “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгааг өнөөдөр мөн мэдээллээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёсзүйн төв нь дээрх төслийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болж байгаа аж. Өнөөдрийн уулзалтаар 60 орчим бизнесийн төлөөлөл авлигыг бууруулах талаарх өөрсдийн саналаа АТГ-ын удирдлагад хүргүүлсэн юм.




Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн байгууллагатай харьцахад тулгарч буй хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс байгууллагаа болон өөрсдийгөө хамгаалах талаар дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн энэ үед “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр МҮХАҮТ-ын дэргэд “Бизнесийн ёс зүйн төв” өнгөрөгч 5 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энд "Транспэрэнси Интернэшнл" байгууллага бизнес эрхлэгчдийг бизнесийн ёс зүй, шударга байдлын олон улсын мэдлэг, мэдээллээр хангах бол бизнесийн ёс зүйг хэрэгжүүлж буй "Рио Тинто групп" өөрсдийн туршлага, ажлын арга барилаасаа хуваалцах юм" гэлээ.

 Бизнесийн ёс зүйн төв нь 21 аймагт МҮХАҮТ-ын салбар танхимаар дамжуулж нийт гишүүн байгууллага, бизнес эрхлэгч нарт олон улсын жишиг болсон бизнесийн ёс зүйн стандарт, авлигын эсрэг хатуу зогсох зарчим, бусад шаардлагатай мэдээ мэдээлэл, сургалтыг тогтмол системтэйгээр хүргэхээр төлөвлөжээ. Мөн Авлигын эсрэг эрчимжүүлсэн төлөвлөгөө боловсруулан ажиллахад МҮХАҮТ, түүний дэргэдэх Бизнесийн Ёс зүйн төв хамтран ажиллаж, гишүүн байгууллагуудаа идэвхтэй оролцуулах бүрэн боломжтойг онцоллоо.




Уулзалтад оролцогчид төрийн албаны авлига, хүнд суртал үүсгэж буй нөхцөл байдал, төрийн албаны хариуцлага, ёс зүй болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа зүйлийг хөндөн, цаашид эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх талаар нээлттэй ярилцав. Уулзалтын төгсгөлд АТГ-ын пэд дарга Г.Азжаргал төрийн албаны хүнд суртал, авлигыг бууруулахад бизнес эрхлэгчдийн ёс зүй үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод, “Бизнесийн ёс зүйн төв”-ийн үйл ажиллагаа нь үүнд чухал ач холбогдолтой үүрэг гүйцэтгэхийг тодотгов. Түүнчлэн Авлигын эсрэг эрчимжүүлсэн арга хэмжээний төлөвлөгөөнд бизнес эрхлэгчдийн саналыг тусган хэрэгжүүлж, дараагийн уулзалтаар тодорхой үр дүнг танилцуулна гэдгээ илэрхийллээ.




Холбоотой мэдээ