Гол усны ойролцоо амарч, зугаалахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-29 16:38:28

 Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, зарим үед ширүүн аадар бороо орох төлөвтэй байна.

Тодруулбал долдугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх юм байна. Иймд ард иргэд  амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа.

Харин долдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангийн тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Б.Заяа

Холбоотой мэдээ