Байгалийн хийн хоолойн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийн даалгаврыг “Эрдэнэс Монгол” ХХК, “Газпром” НХН энэ оны 3 дугаар сарын 31-нд зөвшөөрч, захиалагчаар “Газопровод Союз Восток” ХХК-ийн гүйцэтгэх захирал Е.Н.Асеев, гүйцэтгэгчээр “Газпром проектирование” ХХН-ийн Ерөнхий захирал В.А.Вагарин нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ТЭЗҮ-ийг боловсруулах ажилд шуурхай орлоо.
Энэ ажлын хүрээнд ОХУ-ын Үндэсний Стандарт ГОСТ Р 55989-2014 “Байгалийн хий дамжуулах хоолой 10 МПа-аас дээш даралтын төслийн стандарт” Үндсэн шаардлага, мөн “Газпром” НХН-ийн 2-3.5-051-2006 “Байгалийн хий дамжуулах хоолойн технологийн төлөвлөлтийн норм”, стандартыг энэ оны тавдугаар сарын 4-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэг жил, зургаан сарын хугацаанд мөрдүүлэхээр Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар бүртгэж, хэрэглэхийг зөвшөөрчээ.
Мөн ОХУ-ын
“Магистраль дамжуулах хоолойнууд”-ын ерөнхий дүрэм СП36.13330.2012, ОХУ-ын “Магистраль дамжуулах хоолойнууд”-ын технологийн дүрэм СП86.13330.2014-ийг Монгол
Улсын холбогдох байгууллагаар хянуулан батлуулж, мөрдөж ажиллахад бэлэн болгоод
байна.
Төслийн хугацаанд ажил гүйцэтгэх “Газопровод союз восток” ХХК-д ОХУ-аас уригдан ажиллах мэргэжилтнүүдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Монгол Улсын засгийн газрын энэ оны долоодугаар сарын 7-ны өдрийн 201 дугаар тогтоолыг гаргуулан мөрдөж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн албан сайтад мэдээлжээ.