Үзэгчидгүй хэдий ч эзэн хаантай эхэлсэн Олимпын наадам

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-24 10:11:50

ЛОНДОН. /BBC/. Токиод Олимпын XXXII наамдын нээлтийн ёслол болж, Олимпын бамбарыг Японы алдарт теннисч Наоми Осака асаасан юм. Нэг жилээр хойшлогдож, Токиод халдварын тохиолдлын тоо өсөн нэмэгдэж буй үед гадаадын үзэгчидгүйгээр болж буй уг Олимпын наадам нь зохион байгуулагчдын хувьд цар тахлын дараах ертөнцөд итгэл найдварын гал болох ёстой юм.


Нээлтийн ёслол онцгой содон байсан нь тодорхой. Уг ёслолд нэг ч карнавал, бүжиг, шүхэртэй үсрэлт байгаагүй бөгөөд уур амьсгал нэлээд чухал шинжтэй байсан нь цар тахлын аюул мөд дуусах болоогүйг сануулав.


“Энэ бол итгэл найдварын үе. Бүх зүйлийг бид тэс өөрөөр төсөөлж байсан хэдий ч энэ мөчийн үнэ цэнийг мэдэрье. Эцэст нь бид хамт цугларлаа” хэмээн Олон улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах хэлсэн юм.


Үндэсний далбаан дор алхаж буй тамирчид парадын үеэр хоосон суудал руу гараа даллав.


Тахлын үеэр болж буй наадам


Тамирчид, ажилтнуудын дунд халдвар авсан хүний тоо баасан гарагт 19-өөр нэмэгдсэн хэдий ч Японы эрх баригчид, ОУОХ наадмыг үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.


Наадам Токиогийн Олимпын цэнгэлдэх хүрээлэнд үзэгчидгүйгээр эхэлсэн бөгөөд танхимд зөвхөн VIP зочдыг хязгаартай тоогоор оруулахыг зөвшөөрсөн юм. Тийнхүү эзэн хаан Нарүхито наадам эхэлснийг мэдэгджээ.


 “Цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд бүгд баяр хөөртэй, сэтгэл санаа нь тайван байсан. Нэн ялангуяа эдгээр өдрүүдийг тэсэн ядан хүлээсэн тамирчид” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах ёслол эхлэхийн өмнө хэлсэн байна. 


Гэсэн ч япончуудын дийлэнх нь Т.Бахын урам зоригийг мэдрээгүй юм. Иргэдийн  80 гаруй хувь нь наадмыг дахин хойшлуулах юмуу бүрэн цуцлахыг шаардсан.


Наадмыг эсэргүүцэгчид улс орны халдварт өвчний нөхцөл байдлыг эрх баригчид хяналтандаа авч чадаагүй гэж үзэж байгаа билээ. Түүнчлэн вакцинжуулалтын аян санаснаас удаан өрнөж байна.


Олимпын тосгонд одоогоор халдвар авсан хүний тоо 100 давж байгаа бөгөөд олон тамирчин өрөөндөө тусгаарлагдахаас өөр аргагүй байгаа юм.


Онц байдлын дэглэмийг Токиод 8 дугаар сарын 22 хүртэл сунгасан. Өөрөөр хэлбэл Паралимпын наадам өндөрлөхөд хэрэгжиж дуусна.


Тамирчид, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн, спортын байгууламжийн ажилтнууд өдөр бүр коронавирусний шинжилгээ өгч, амны хаалтаа зүүж, зохион байгуулах хорооны хөл хорих шаардлагыг хэрэгжүүлэх ёстой. Тамирчид багийн бүрэлдэхүүнээс хальж хүмүүстэй харилцах боломжгүйгээс гадна зөвшөөрөгдөөгүй чиглэлээр явах хориотой.

Холбоотой мэдээ