Зууны төгсгөл дэх МОНЦАМЭ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-23 16:49:03
@ShoovdorBatbold

Ройтерс сангийн тэтгэлэгт шалгарч Оксфордын их сургуулийн дэргэдэх  хөтөлбөрт нь номын дуу сонсоод нутаг буцах дөхөж байтал УИХ-ын сонгуульд Ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулж парламентад олонх болсон тухай мэдээ ирлээ. 

Хөрөнгийн биржийн хувьцааны үнэ ханш, арилжаа наймаа болон олон улсын элдэв сонин үйл явдлыг шуурхай дамжуулах зорилгоор Паул Ройтерс хэмээх Герман гаралтай эрхэм 1851 онд Лондон хотноо анхны цахилгаан мэдээний агентлаг байгуулсан түүхтэй. Тус агентлаг ижил нэртэй Ройтерс сангаараа дэмжуулан дэлхийн олон орны сэтгүүлчдэд сонирхсон салбар, сэдвээрээ судалгаа хийж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хосгүй боломж олгодог, тэр боломжийг нь хүртэх аз завшаан надад тохиосон юм.      

Нутагтаа ирээд удалгүй Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын 1996 оны долоодугаар сарын 27-ны тогтоолоор МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлын албан тушаалд томилогдлоо. 1996 он бол улс орон маань ардчилал, чөлөөт зах зээл рүү хийх шилжилтээ эхлээд 6 жилийг ардаа орхисон цаг үе. Нийгмийн нэг тогтолцоо мөхсөнөөс үүдсэн эдийн засгийн хямралаас аажмаар гарч эхэлсэн ч шинэ нь хараахан бүрэлдээгүй байлаа. Орон орон сууц хувьчлал, газар хувьчлал, төрийн өмчит үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлал эхлээгүй, улсын төсвийнхөө гуравны нэг шахам хувийг гадаадын зээл тусламжаар бүрдүүлдэг, гадаадын хөрөнгө оруулалт сураг ажиггүй байжээ. 

Харин тэр жил Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн онцгой үйл явдал тохиосон нь Дани улсын санхүүжилтээр хэрэгжсэн Чөлөөт хэвлэл төслийн хүрээнд орчин үеийн техник, технологи бүхий сонины хэвлэх үйлдвэр ашиглалтад орсон явдал юм. Ингэснээр Монголд “шар” хэмээх тодотголтой чөлөөт сонинуудын цэцэглэн мандалт эхэлж, хэдэн зуун шинэ сонин олон арван мянган хувиар хэвлэгдэн гарч элдэв бусын дуулиан шуугиан мэдээлж олон түмний сэтгэл санааг эзэмдэх болов. 

Намайг ажил хүлээж авахад МОНЦАМЭ агентлаг Гадаад мэдээний редакц, Дотоод мэдээний редакц, Техникийн хэлтэс, Хэвлэх цех, Гэрэл зургийн газар, Орос хэлээр гардаг “Новости Монголии”, Англи хэлээр гардаг “Монгол Мессенжер”, Монгол бичгээр гардаг сонин “Хүмүн бичиг” гэсэн сонинуудтай, 90 шахам ажилчин, ажилтан, сэтгүүлчидтэй, Ерөнхий сайдын харьяа агентлаг гэсэн статустай, хэвлэл мэдээллийн томхон байгууллага хэвээрээ үйл ажиллагаа явуулж байлаа. Гадаад мэдээний редакц нь гадаадаас Англи, Орос хэлээр хүлээн авсан мэдээг эх хэл рүүгээ орчуулна, мөн Дотоод мэдээний редакцийн бэлтгэсэн мэдээг энэ хоёр хэл рүү орчуулна. Үүнээс гадна БНХАУ-ын нийслэл Бээжин хотод тусгай сурвалжлагч томилж ажиллуулдаг, мөн өөрийн орны бүх  21 аймагт сурвалжлагчтай байв. Засгийн газраас манай төсвийн 80 хувийг баталж өгдөг, үлдсэн 20 шахам хувийг нь өөрсдийн үйл ажиллагаанаас олох албан даалгавар өгнө. Төсвийн нийт хэмжээ 120 шахам сая төгрөг байсан санагдаж байна. Агентлагийн ажилчин, ажилтнуудын цалин 15 мянган төгрөгөөс эхэлж байсан бөгөөд миний албан тушаалын цалинг 45 мянган төгрөгөөр тогтоосон, 1 ам.долларын ханш 750 төгрөг орчим байжээ. 


МОНЦАМЭ агентлаг, "Ардын эрх" сонины орон нутгийн сурвалжлагчид УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хамт. 1996 он.


Агентлаг гадаад мэдээгээ Ройтерс, ТАСС, Синьхуа гэсэн дэлхийн 3 том мэдээллийн агентлагаас хүлээн авна. Ч.Эрдэнэ захирлын үед Ройтерс агентлагтай холбоо тогтоосон нь гадаад ертөнцийн бүхий л үйл явдлын тухай мэдээллийг  хүлээн авдаг болсон гэсэн үг. Гэтэл багагүй мөнгө төлж худалдан авдаг, тэр их хэмжээний мэдээг худалдан авч хэрэглэх зах зээл Монголд байхгүй, ирээдүйд бий болох эсэх нь тодорхойгүй байв. 

МОНЦАМЭ-д техникийн шинэчлэл хийх хөрөнгө мөнгө улсаас төсөвлөж өгөөгүй удсан тул ашигладаг гол техник хэрэгслүүд нь олон арван жилийн өмнөөс хэрэглэсээр ирсэн телетайпын аппаратууд хэвээрээ байв. Телетайпын аппарат нь үйлдвэрлэлээс нэгэнт хасагдсан, хүлээн авдаг мэдээгээ хэвлэдэг цаас нь үнэтэйгээс гадна олдоц муутай.  Тус хэлтсийн алтан гартай инжежер Р. Гантөмөр, Н.Чулуунбаатар хоёр л байнга гарах эвдрэл гэмтлийг нь засаж янзлаад ажиллуулсаар өдий хүрчээ. 

Гадаад мэдээний редакцийн түүвэрлэж орчуулсан мэдээнүүдийг олшруулах машинаар хэвлэж олшруулаад МОНЦАМЭ-гийн мэдээ нэртэй арван хэдэн хуудас бүхийн мэдээллийн товхиомол хэлбэрээр Засгийн газар, УИХ болон яамдуудад түгээдэг уламжлалт үйл ажиллагаа миний ажилласан 4 жилд хэвийн үргэлжиллээ. Гэвч, техник технологийн хоцрогдлын улмаас энэ үйл ажиллагаа маань дээрх цөөн тооны хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахгүй хоцрогдох болов. Тухайлбал, 1994 онд байгуулагдсан Eagle телевиз CNN-ийн олон улсын мэдээг шууд орчуулан өдөр алгасахгүй хурдтай хүргэдэг болсон, интернетийн сүлжээ нэвтэрч өргөжсөн зэрэг нь МОНЦАМЭ агентлагт хүчтэй өрсөлдөгчдийг бий болголоо. Хувийн сонинууд төдийгүй телевиз, радиогийн тоо ч тасралтгүй нэмэгдсээр байв. Бид ийм хурдтай өөрчлөгдөж буй мэдээллийн орчин нөхцөлд зүгээр хараад суусангүй. Инженер Р.Гантөмөр, Н.Чулуунбаатар нар санаачлан агентлагийн мэдээллийн цахим сүлжээг байгуулж, Ерөнхий менежер П.Цогтбаатар түүнийг хэрэгжүүлэхээр зүтгэлээ. Гэвч мэдээ худалдан авч ажил үйлчилгээ, бизнестээ хэрэглэх зах зээлийн нөхцөл бүрдээгүйн улмаас дорвитой өргөжих боломжгүй байлаа. Энэ нь дөнгөж хөлд орж байсан хувийн хэвшлийнхэн мөнгө төлж мэдээ худалдаж авах сонирхолгүй, төрийн байгууллагууд нь ийм зориулалтын төсөвгүй байсантай холбоотой. Таньдаг мэддэг хэдэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн дарга нарыг ятгаж байж тоотой хэдэн газарт сүлжээгээ байгуулж өгсөн билээ. 

Харин МОНЦАМЭ агентлаг дотоод мэдээгээ Англи болон Орос хэлээр орчуулан манай улсад суугаа гадаад улсуудын элчин сайдын яамдад төлбөртэй нийлүүлж байсан нь төсвийнхөө дутуу 20 орчим хувийг нөхөхөд гол дэм нь болж байлаа. Манай мэдээг албан ёсны, баталгаатай мэдээ гэж үздэг тул гадаадын байгууллагууд худалдаж авах сонирхолтой хэвээрээ байсан юм. Тэр жилүүдэд агентлагийн Гадаад мэдээний редакцийн редактороор Сүхээ, Дотоод мэдээний редакцийн редактороор Б.Цэрэннамжил, Техникийн хэлтсийн даргаар Р.Гантөмөр нар ажиллаж байв. “Новости Монголии” сонины эрхлэгчээр Д.Ариунболд, O.Чинбат нар, “Хүмүн бичиг” сонины эрхлэгчээр Т.Галсан, “Монгол Мессенжер” сонины эрхлэгчээр АНУ-ын иргэн Майкл Кон нар ажиллаж байлаа.

1996-2000 онд МОНЦАМЭ агентлагийн өмнө техник технологоо шинэчлэх, цаашид оршин тогтнох арга замаа тодорхойлох, хүний нөөцийн бэрхшээлтэй асуудлуудаа шийдвэрлэх зэрэг хойшлуулшгүй томоохон сорилтууд тулгарч байв. Эдгээр зорилтыг агентлагийн удирдлага, хамт олон бололцоо боломжоороо шийдвэрлэхийг хичээж ажилласан юм.  Миний Ерөнхий захирал байх хугацаанд тус агентлагийн Ерөнхий редактороор Ганхуяг, Г.Пүрэвсамбуу, Тамгын хэлтсийн даргаар Б.Зоригт, Ерөнхий менежерээр П.Цогтбаатар нар томилогдон үр бүтээлтэй хамтран ажиллаж байсныг эргэн дурсахад сэтгэлд дотно сайхан байдаг юм. Бид ажилчдынхаа цалин, шагнал урамшууллыг нэмэх, нийгмийн асуудалд анхаарал тавих гэж их хичээдэг байжээ. Ч.Эрдэнэ захирлын үед агентлаг хөдөө 500 шахам бог бүхий малтай, малчинтай болчихсон байсан нь  их хэрэг болж түүнээсээ ажилчид, ажилтнууддаа жоохон ч гэсэн үр шимийг нь хүртээж эхэлсэн юм. 

Гэвч Засгийн газар хатуу тогтоосон цалин, үйл ажиллагааны зардлаас өөр төсөв мөнгө өгдөггүй, өгсөн төсөв нь гүйцэд биш тул үлдэх 20 хувийг яаж олох вэ, ямар мөнгөөр ажилчдаа шагнаж урамшуулах вэ гээд толгой гашилгах асуудал байнга гарна. 


Зураг дээр зүүн гар талаас гуравдахь нь МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал С.Амарсанаа. 1999 он.


Ажил хүлээн авахад өмнөх Ерөнхий захирал Н.Пүрэвдаш “Агентлагийг иж бүрэн компьютержүүлэх төсөл Ч.Эрдэнэ захирлын үед боловсруулж НҮБ-ын ЮНЕСКО-д өргөн мэдүүлсэн байгаа, тэр төслийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаарай” гэж хичээнгүйлэн захиж билээ. Бид тэр төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч НҮБ-ын ЮНЕСКО байгууллагатай тогтмол харилцах болов.  Улмаар миний бие 1999 онд Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд болсон уг төслийг хэлэлцэн батлах хуралд оролцож нөхцөл байдал ямаршуухан хүнд хэцүү байгааг танилцуулж билээ. Үүний дараахан ЮНЕСКО-гоос тусгай төлөөлөгч ирж манай агентлагийн техникийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд намайг ажлаа өгсөний дараахан 2001 онд хэрэгжиж МОНЦАМЭ агентлаг маань анх удаагаа иж бүрэн компьютержсэн юм. 

Бидний шийдвэрлэх өөр нэг тулгамдсан асуудал бол МОНЦАМЭ агентлагийн байрны асуудал байв. Хэдийгээр хуучин Төв шуудангийн байрнаас гарч одоогийн байрандаа ороод нэлээд хэдэн жил өнгөрсөн ч энэ байр нь агентлагийн мэдлийнх биш байв. Түүнчлэн Гэрэл зургийн газрын байр нь орон сууцны конторын харьяанд данстай байлаа. Энэ газар нь агентлагийн нэр дээр бүртгэлтэй ч улсаас төсөв өгдөггүй, дарга нь тэр байранд хувийн хэвлэлийн үйлдвэрээ байгуулчихсан бизнесээ эрхэлж байлаа. Нэгэнт эдгээр байр өөр байгууллагад харьяалалтай тул агентлагийн төсөв батлуулах үед байрны түрээсийн асуудал байнга босно. Уг нь Гэрэл зургийн газрыг шинэ хүнд хариуцуулж өгсөн боловч тэрбээр ажиллуулах хөрөнгө мөнгө олж чадалгүй хаяад явчихсан юм. Ингээд Төрийн өмчийн хороонд хандаж энэ байраа агентлаг өөрийн болгоё гэж  хүсэлт гаргахад Гэрэл зургийн газрын байраа өгөөд оронд нь одоо агентлаг байрлаж буй байраа балансаас балансад шилжүүлэн авч болно гэж хариу өгснийг ёсоор болгосон билээ. 


МОНЦАМЭ агентлагийн үе үеийн Ерөнхий захирлууд. Зүүн гар талаас эхнийх нь С.Амарсанаа. 2001 он.


Агентлагийн гадаад харилцааны тухайд гэвэл ТАСС болон Синьхуа агентлагтай уламжлалт найрсаг харилцаатай, Ройтерс агентлагтай мэдээ худалдан авах гэрээтэй, мөн Эвсэлд нэгдээгүй орнуудын мэдээллийн агентлагуудын ОАНА байгууллагын гишүүн юм. БНХАУ-ын Синьхуа агентлаг, манай улсад суугаа Элчин сайдын яамтай нь сайн харилцаатай байсны үр дүнд санхүүгийн дэмжлэг авч "Монголын мэдээ" сонины хятад хэлээр гардаг хувилбар “Мэнгу сяосибао” сониныг сэргээн гаргаж байлаа.  Агентлаг БНХАУ -ын нийслэл Бээжин хотод сурвалжлагч томилж ажиллуулдаг, түүний цалин бусад зардлыг Гадаад харилцааны яам гаргадаг байсныг хөрөнгө мөнгөгүй гэдэг шалтгаанаар 1998 онд хасчихсан  юм. 

МОНЦАМЭ агентлаг 1996-2000 оны хооронд Ерөнхий сайдын харьяа агентлаг гэсэн статустай үйл ажиллагаа явуулж байлаа. Харамсалтай нь Ерөнхий сайд нартайгаа уулзаж агентлагийнхаа тухай ярилцаж дэмжлэг авах боломж гараагүй юм. Нартайгаа гэдгийн учир нь энэ хугацаанд Ардчилсан холбоо эвслийн Засгийн газар 3 удаа огцорч, 4 дэх Ерөнхий сайд нь томилогдоод 1 жил болж байхад миний томилолтын хугацаа дууссан билээ. 


1996-2000 онд Ерөнхий захирал асан Сүхбаатарын Амарсанаа



Сүхбаатарын Амарсанаа нь ОХУ-ын Эрхүүгийн УИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөн. 1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд, гол зохион байгуулагчдын нэг явсан сэтгүүлч. 1996-2000 онд МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн.


Холбоотой мэдээ