Он гарснаас хойш 80 гаруй мянган удаа газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 11:40:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш энэ сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ.


Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш ийнхүү давтан үргэлжилж байгаа юм. Газар хөдлөлт нь голомтдоо VII-VIII баллын чичирхийлэл үүсгэсэн нь Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн. Ханх суманд болсон тус газар хөдлөлтийн хүчний зайнаас хамаарсан тархалт нь Хөвсгөл аймгийн төвд хадан хөрсний хувьд IV-V балл, Улаанбаатар хот орчмын хадан хөрсний хувьд III-IV балл болохыг тодорхойлсон байдаг.


Газар хөдөлсөн хэсэг нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар VIII  баллын бүсэд хамаарч байгаа бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан түүхтэй.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

 

Холбоотой мэдээ