ОХУ Египетийн тамирчдад “Спутник-V” вакцин илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-07-20 13:21:56

КАИР. /TASS/.  ОХУ-ын Спортын яам Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн дэмжлэгтэйгээр Египетийн үндэсний шигшээ багийн тамирчдад коронавирусний “Спутник V” вакцинаас илгээсэн тухай тус яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник-V” вакцины ээлжит нийлүүлэлтийг даваа гарагт Египетэд хийжээ. Каир дахь ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр, вакциныг мөн Хойд Африкийн хэд хэдэн орны шигшээ багийн тамирчдад хуваарилахаар болсон байна.

Мэдэгдэлд, “Долоодугаар сарын 19-нд “Спутник-Vвакциныг Каир хотод ээлжит удаагаа нийлүүллээ. Египетийн шигшээ багийн гишүүд болон Хойд Африкийн бусад орны тамирчдыг вакцинжуулснаар халдварт өвчний эрсдэлийг бууруулах, тамирчид бэлтгэлээ бүрэн хангах, тэмцээндээ оролцох боломжийг олгох юм" гэжээ.

“Нийт вакцины талаас илүү хувь нь Египетийн тамирчдад бусад нь Тунис болон Алжирын тамирчдад зориулагдсан" гэж ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсан байна. 

“Спутник-V” вакциныг Египетэд 6 дугаар сарын 24-нд анх нийлүүлжээ. Египетийн эрх баригчид вакцины 20 сая тунг нийлүүлэх яриа, хэлцээг ОХУ-тай хийснээ 5 дугаар сард мэдэгдэж байв.  ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан, Египетийн “Минафарм” эмийн үйлдвэр хамтран жил бүр 40 орчим сая тун “Спутник-V” вакцин үйлдвэрлэхээр 4 дүгээр сарын 22-нд тохиролцжээ. 

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Египет улсад коронавирусний 283,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 223,000 гаруй хүн эдгэрсэн байна. Нийт 16446 хүн нас баржээ. Египетэд 5 дугаар сард өдөрт 1000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж байсан бол 7 дугаар сард өдөрт илрэх тохиолдлын тоо 50-100 болж буурсан аж.

 

Холбоотой мэдээ