"Хүүхдэд ээлтэй жишиг ариун цэврийн өрөө" байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 19:20:12
Yesukheitumur Tumurbaatar

Монголын Багш-Эцэг эхчүүдийн холбоо, Франц улсын Люксембург хотын "Падем" Олон улсын байгууллага хамтран Төв аймгийн Зуунмод хотын Ирээдүй цогцолборын "Оюуны ундарга" цэцэрлэгт "Хүүхдэд ээлтэй жишиг ариун цэврийн өрөө" байгуулахаар 6 сарын 27-нд ажлаа эхэллээ.

Нийтдээ 80 гаруй сая төгрөгийн санхүүжилт шаардагдах уг төслийг хэрэгжүүлэхдээ 10 хувийг орон нутгаас авч, зургаан ариун цэврийн өрөөг 9 сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.

Зуунмод хотын "Ирээдүй цогцолборын "Оюуны ундарга" салбар цэцэрлэгийн барилга 1989 онд  баригдсан ба жил бүр хийдэг урсгал засвар сурч, боловсрох таатай орчин бүрдүүлж чаддагүй байжээ.Харин энэ төсөл хэрэгжснээр 2-5 настай хүүхдийн онцлогт нийцсэн, эрүүл, ахуйн шаардлага, аюулгүй байдал хангасан нөхцөл бүрдэх ач холбогдолтойг "Монголын багш-Эцэг эхчүүдийн холбоо"-ны тэргүүн А.Отгончимэг хэллээ.

Төсөл үүгээр дуусахгүй, цаашид эрүүл ахуйн сэдэвт сургалт, семинарыг багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, хүүхдийн дунд явуулж, мэдлэг мэдээлэл олгох юм.

Тус цэцэрлэгт одоогийн байдлаар 30 орчим багш, ажилтан 160 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. 

                              Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

Холбоотой мэдээ