Замын-Үүд боомтын халдваргүйтгэх төхөөрөмжийг сайжруулах хугацаатай даалгавар өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-07 13:51:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Замын-Үүдийн боомтын ариутгал, халдваргүйтгэлийн төхөөрөмжийг сайжруулах долоо хоногийн хугацаатай даалгаврыг холбогдох албаныханд өгсөн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. 


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Замын-Үүдийн боомтын экспорт, импортыг зохицуулах үүрэг бүхий  ажлын баг өчигдөр тус боомтод ажилласан талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл танилцуулжээ. Тодруулбал, Замын-Үүд сумын зарим байгууллагын удирдлагыг чөлөөлж, шинээр томилох, тэдгээр байгууллагын ажилтнуудыг нь өөр орон нутгийн ажилтнуудтай сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн авлига, албан тушаалын хэргээр зургаан албан тушаалтанд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хойшлуулшгүйгээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. 


БНХАУ-аас тогтоосон квотоор Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр ачаа бараа солилцох журмаар нэвтрүүлж байна. Өдөрт тогтоосон цөөн тооны автомашины квотод Замын-Үүд суманд ажиллаж буй төрийн байгууллагын албан тушаалтнууд давуу байдал үүсгэн өөр машин явуулж байна гэх иргэдийн гомдол иржээ. Энэ нь бараа эргэлтийг удаашруулж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд хүргэж буйг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн юм. 


БНХАУ-аас бараа эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд тээврийн хэрэгслийг ариутгах, халдваргүйтгэх төхөөрөмжийг сайжруулах, цар тахлын тархалтыг бууруулах шаардлага тавьж байгаа юм.


Мөн хуралдаанаар, Замын-Үүдийн боомтод Чөлөөт бүс байгуулахтай холбоотой нэмэлт хөрөнгө баталжээ. Тодруулбал, Замын-Үүдийн боомтын ДЦС-ын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэсэн. Мөн Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Чөлөөт бүсийг энэ зундаа багтаан нээх бөгөөд 2026 он гэхэд бүтээн байгуулалт нь бүрэн дуусна гэж холбогдох албаныхан мэдээлэл өгчээ. Ерөнхий сайдаас Чөлөөт бүсийг яаралтай нээж, байнгын ажиллагаанд оруулах үүрэг чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ