Замын-Үүд сумыг халдваргүй бүс болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-03 14:18:31

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд ажиллаж, хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажил болон газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав.

“Ковид-19” халдварын нөхцөл байдлын улмаас Замын-Үүд боомтоор хэвийн үед зорчдог тээврийн хэрэгслийн тоо буурч өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байгаа юм.

Боомтын орчимд хилээр нэвтрэхээр ачаагүй 619, боомтын гадна ачаа бараатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны тээврийн хэрэгсэл дугаарлан зогсож байгааг сумын Засаг дарга Б.Анхбаяр мэдээллээ. Хорио цээр тогтоогоогүй үед өдөртөө тус боомтоор 6-8 мянган хүн хил нэвтрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байсан.

Замын-Үүдэд “Ковид-19” халдварын голомт буй болсон учраас Хятадын тал ачаа тээврийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байгаа бөгөөд юун түрүүнд тус сумыг халдваргүй бүс болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг хүч нэмэгдүүлэн Замын-Үүд суманд ажиллуулах шаардлага байгааг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар онцолсон юм

Мөн тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах төхөөрөмжийг яаралтай нэвтрүүлэх, олон улсын тээвэрт оролцож байгаа жолооч нарыг халдваргүйжүүлэх, гаалийн хяналтын талбайд байгаа  экспортын ачаа, барааны гадаргуу, сав баглаа боодлыг ариутгах нь чухал байгаа аж. Учир нь хүний гар оролцдог ачаа барааны сав баглаа боодлын гадаргуугаас коронавирус илэрснийг албаныхан мэдээлсэн.

Эрээний талаас өдөртөө 500 орчим вагон хоосон ирж байгаа тул төмөр замаар барилгын материалын бараа болон бусад барааг тээвэрлэж, экспортын ачааг нэмэгдүүлэх боломж байна. Эрээний талын төмөр замын ачааны терминал нь нарийн царигтай учир Эрээний талд байгаа өргөн төмөр замтай хувийн хэвшлийн компанид санал тавьж, Эрээнд гацсан барааг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх нь юун түрүүнд чухал байгааг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэлсэн.

Өмнөд хөрш Эрээний боомт дээр хүлээгдэж байгаа манай улсын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг татан авахад анхаарах, хилийн боомт дээр бөөгнөрсөн тээврийн хэрэгслийн дарааллыг багасгах, улаан бүсээс ирэх халдварын эрсдэлтэй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахЭрээнээс ирэх ачааг автомашинаас вагонд ачиж тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлэхээр болов.

Холбоотой мэдээ