Экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Энхжин сувенир" ХХК-ийн арьсан цүнх шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-30 18:49:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдаа энэ сарын 24-30-нд цахимаар болж өнөөдөр дууслаа. Үзэсгэлэн, худалдааг Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран “Хямралыг хамтдаа давъя” уриатай зохион байгуулав. 

Үзэсгэлэнг www.trademongolia.mn цахим хуудсаар дамжуулсан бөгөөд нийслэл хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай,  Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл зэрэг аймаг, орон нутгийн 80 гаруй үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид идэвхтэй хамрагдаж, арьс ширэн бүтээгдэхүүн, эсгий, ноос, ноолуур, гоо сайхан, гар урлал, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 750 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ үзэсгэлэнд дэлгэн оролцлоо. 




Үзэсгэлэнгийн турш хэрэглэгчдэд ваучертай, азтантай худалдаа зарласан бөгөөд нийт 27 азтан шалгарч, бүтээгдэхүүн худалдан авах эрх, Trademongolia.mn цахим хуудсанд бүтээгдэхүүнээ байршуулах 1 жилийн эрхээр тус тус шагнав. Үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооноос шинэ, шилдэг технологи нэвтрүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олны таашаал хүртсэн ААН-үүдийг олон төрлийн номинациар шалгаруулж, хүндэт өргөмжлөл, цомоор шагналаа. Үүнд:

  • дотоодын ЖДҮ-ийг дэмжигч байгууллагаар ХААН банк,
  • ЖДҮ, экспортыг дэмжигч байгууллагаар Монголын худалдааг дэмжих Европын "ТРАМ" төсөл, 
  • Экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Энхжин сувенир" ХХК-ийн Пүүлап нэртэй Монгол үхрийн арьсаар урласан “Арьсан цүнх” бүтээгдэхүүн,
  • Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүнээр “Спирит оф натур” ХХК-ийн “Гоо сайхны сет” бүтээгдэхүүн тус тус шалгарлаа. 

Үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-при цом, хүндэт өргөмжлөлийг компанийн нийгмийн хариуцлагын үүргээ нэр төртэй биелүүлэн, ажлын байр нэмэгдүүлж, шилдэг санаа, шинэ технологи нэвтрүүлэн олон улсын чанар, стандартад  нийцсэн Монгол Улсад үйлдвэрлэсэн нийтийн хоолны төрөл бүрийн  тоног төхөөрөмж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлж байгаа “ЧИГЛЭЛ” ХХК-д олгов.

Цахим үзэсгэлэн 7 хоног үргэлжлэн 14,000 хэрэглэгч үзэж сонирхсон байна. Дахин www.trademongolia.mn цахим хуудсанд 7 хоногийн турш байршиж, хэрэглэгчдэд хүрэх юм. "ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2021” үзэсгэлэн худалдааг ХААН банк, Худалдааг дэмжих ТРАМ төслөөс хамтран зохион байгуулжээ.





Холбоотой мэдээ