“Мандал ирээдүйн өсөлт” анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-06-30 17:00:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийг үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа эхлүүллээ. Үүнтэй холбогдуулан цан цохих ёслол Хөрөнгийн биржид өнөөдөр болов. 

Ёслолд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан,  "Мандал санхүүгийн нэгдэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ганзориг нар оролцож Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6503  дахь арилжааг эхлүүлэв.  

“Мандал ирээдүйн өсөлт” сан хөрөнгийн зах зээлд 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 10 жилийн хугацаатай, нийт 47.5 тэрбум төгрөгийн нэгж эрхийг нийтэд санал болгон арилжих юм.




Нэгж эрх гаргагч “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн андеррайтераар "Апекс капитал ҮЦК" ХХК ажиллаж байна.  Нэгж эрхийн анхдагч зах зээлийн захиалгыг энэ оны 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 10 хүртэл 10.00-16.00 цагийн хооронд үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна. 

Тус сан нь Монголын Хөрөнгийн биржид нэгж эрхээ бүртгүүлсэн 2 дахь хамтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд олон нийтээс төвлөрүүлсэн хөрөнгийг нээлттэй зах зээлд арилжих хувьцаа, өрийн хэрэгсэл болон бусад төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахаар нэгж эрхийн танилцуулганд тусгасан байна. Нэгж эрхийн танилцуулгыг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ