Монгол Улс коронавирусний хоёр дахь давалгаанд илүү эрсдэл хүлээх байв

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-07-26 16:03:00

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр эхэлсэн ковидын хоёр дахь давалгааны эрч нийслэл Улаанбаатар хотод суларч байгаа ч хөдөө орон нутагт байдал хүндэрч болзошгүй өдрүүд үргэлжилж байна. Зургаадугаар сард халдварын тархалт оргилдоо хүрч Монгол Улсын хэмжээнд өдөртөө 2500 буюу түүнээс ч олон хүн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдаж байсан юм.


Өнгөрсөн тав, зургаадугаар сард халдварын тохиолдол богино хугацаанд хурдтай нэмэгдсэнээс үүдэн эрүүл мэндийн салбар маш хүнд байдалд ороод байсан билээ. Улаанбаатар хотын хувьд одоогоор ковидын өвчлөл буурах хандлагатай болсон ч нэгэнт богино хугацаанд олон хүн коронавирусээр өвчилж, эрүүл мэндийн салбар нэмэлт хүчээ шавхаж ажилласан учир байдал дээрдэх хараахан болоогүй байна. Түүгээр ч үл барам хөдөө орон нутагт халдварын тохиолдол огцом нэмэгдэх болсон, мөн тархах чадвар өндөр "дельта" хувилбарын вирус манайд бүртгэгдсэн зэргээс шалтгаалан дахин шинэ давалгаа үүсэхийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбарынхны хувьд илүү хүнд сорилттой тулгарч ч магадгүй байдал үүсээд байна.


Хэдийгээр бүх хүчээ шавхаж байсан ч эмнэлэг эрүүл мэндийн салбарын ачаалал оргилдоо хүрч долдугаар сарын эхээр эмнэлэгт хүн нэмэгдэж очих боломжгүй болох хэмжээнд хүрсэн. Гэсэн ч нөөц чадамжаа бүрэн дайчилж, урьдчилсан бэлтгэл, тооцоог хийж байсан учир гарч болох эрсдлийг бололцооны хэрээр бууруулж ажилласан гэж судлаачид дүгнэж байна. Долдугаар сарын эхэн үеийн асар хүнд байдал дээрдэж халдварын тохиолдол харьцангуй буурч эхэлж байгаа ч эрсдэл өндөр хэвээр байгаа юм. Халдвар илрүүлэх шинжилгээний тоо болон эерэг илэрч байгаа хувийг харьцуулсан үзүүлэлтээр дүгнэхэд халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа судалгаа гарчээ. Шинжилгээнд эерэг илрэх нь оргил үедээ 30 хувьд хүрч байсан бол одоо 18,8 хувьтай болсон. Ялангуяа Улаанбаатар хот орчимд 17,6 хувь хүртэл буурсан сайн үзүүлэлттэй байна. 


Сүүлийн хоногуудад иргэдийн хөл хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр хөдөө орон нутагт тохиолдлын тоо хурдтайгаар нэмэгдсэн нь алслагдмал орон нутгийн эмнэлэг эрүүл мэндийн салбарын чадавхиас хэтэрсэн ачаалал үүсэх өндөр магадлалтай болоод байгаа юм. Зүй тогтлын дагуу батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал нэмэгдэн хөдөө орон нутгийн эмнэлэг эрүүл мэндийн төвүүдэд хүний нөөцтэй холбоотой бэрхшээл бий болох магадлалтай. Эмч мэргэжилтнүүд болон эмнэлгийн чадамж бололцоо, орны тоо хүрэлцээ зэрэг асуудал одоо Засгийн Газар, Эрүүл мэндийн яам, холбогдох газруудын анхаарлын төвд байгаа юм.


Манай улс эрүүл мэндийн салбарын ачаалал даах чадвар, хүний нөөцийн бололцоо тийм ч муу биш улс орнуудын тоонд ордог. Энгийн үед улсын хэмжээнд 27 мянган ор дэлгээтэй байдаг бол долдугаар сарын эхэн үеийн оргил ачааллын хугацаанд нэмэлтээр 14 мянга 500 орчим ор нэмж дэлгэсэн байна. Мөн шинээр төгссөн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтан, сайн дурын ажилтнуудыг хүч шавхан дайчилж байна. Хариу арга хэмжээг хамгийн оновчтой хувилбараар авч хэрэгжүүлэн маш сайн ажилласан учир одоогоос хэд дахин илүү эрсдэл үүрэхээс сэргийлсэн гэж үзэж болно. Хэрэв энэ хэмжээний дэгдэлтийг бэлтгэл зохион байгуулалтгүйгээр угтсан бол байдал өнөөдрийнхөөс хэд дахин дор, асар хүнд болох байсныг мэргэжилтнүүд хэлж байна.


Вакцинжуулалтад ихээхэн анхаарч, хүн амын тодорхой хэсэг нь дархлаажуулалтдаа хамрагдаагүй бол зургаадугаар сарын дунд үе гэхэд хүн амын 70 хувь нь буюу 2,3 сая хүн халдвар авч, хамгийн их эрсдлээр нь тооцоолоход 46 мянган хүн нас барах аюултай байсныг эрдэмтэд тухайн үед мэдээлж байсан билээ. Хэдийгээр вакцинжуулалт болон вакцины сонголттой холбоотойгоор иргэдийн тодорхой бүлгийн зүгээс эргэлзээ, эсэргүүцэл гарч байгаа хэдий ч Монгол Улсын 1,9 сая гаруй хүн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа юм. Энэ нь нийт хүн амын 60 орчим хувь нь. Бусад улс орнуудын адилаар иргэдийн дунд вакцинжуулалт үр дүнтэй эсэх дээр эргэлзэх явдал бий ч халдвар болон хүндрэл нас баралтаас сэргийлж чадаж байгаа нь тоон судалгааны явцад ажиглагдсаар байна. Дэлхийн улс орнуудад вакцины эрэлт хэрэгцээ маш их, олдоц ховор байсан үед манай улс вакцин татан авалтыг цаг алдалгүй, зохион байгуулалттайгаар хийж чадсан нь эрсдэлээс тодорхой хувиар хамгаалах боломж болсныг салбарынхан онцлоод байна.


Дэлхий нийтээр хөл хорио, вакцинжуулалт хоёроос өөр илүү найдвартай сонголтыг олоогүй энэ үед Засгийн Газар, эрүүл мэндийн салбар, эрдэмтдийн зүгээс ард иргэдээсээ хариуцлагатай, хүлээцтэй байхыг байнга анхааруулан сануулсаар байна. Одоо хувь хүний хариуцлага маш чухал байгааг, заавал хөл хорихгүйгээр вакцинжуулалтад найдах, иргэдийн хариуцлага ухамсарт илүү түлхүү анхаарч хүнд нөхцлөөс хохирол багатай гарахыг хичээх нь чухал байгаа юм.


Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 782 хүн энэ вирусний улмаас нас бараад байгаа бөгөөд тэдний дийлэнх нь вакцинд огт хамрагдаагүй байснаас гадна хавсарсан суурь өвчтэй гэх мэт шалтгаантай байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Монгол Улсад 12-17 насныхныг дархлаажуулах ажил эхэлсэн бөгөөд энэ насны 290 мянга орчим хүүхэд бий. Хэрэв эдгээр хүүхдийг бүрэн хамруулж чадвал  хүн амын 10 орчим хувь нь дархлаажна гэсэн үг юм. Одоо манай улсын хувьд вакцины нөөц бололцоо хангалттай байгаа бөгөөд Синофарм, Астразенека, Файзер гэсэн гурван төрлийн вакциныг ашиглаж байгаа.


Түүнчлэн Улсын онцгой комиссын шийдвэрээр Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв, мөн коронавирусний эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа зарим эмнэлгүүдийн дэргэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулаад байна. Цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай холбоотой шүүмжлэлүүд ч ихээхэн гарч байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс эм бүтээгдэхүүний нөөц хангамжийг сайжруулж, үнийн хөөрөгдлийг бий болгохгүй хянаж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосноос гадна үнийн зохицуулалт хийх олон шийдвэр гаргасан. Эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэгт шаардагдах хөрөнгийг аль болох хангалттай хэмжээнд байлгахыг анхаарч, эмийн хангамжийн тал дээр нэгдсэн зохион байгуулалтад орж ажилласан нь вирусний эсрэг зарим төрлийн эмийн үнийг бууруулахад, мөн нөхцөл байдлыг далимдуулан зохиомлоор эмийн үнэ өсөхөөс сэргийлэхэд ихээхэн нэмэр болсон.


Цар тахлын хүндхэн давалгааны үетэй зэрэгцэн монголчууд Үндэсний их баяр наадмаа ч мөн өргөн хүрээнд тэмдэглэлгүй, цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Засгийн Газар болон эрүүл мэндийн байгууллагын зүгээс цаг үетэй холбогдуулан гаргаж байгаа заавар зөвлөмжүүдийг сайтар дагаж мөрдөхийг олон нийтэд учирлан тайлбарлаж, вакциндаа хамрагдахыг, мөн хувийн сахилга батыг хөл хорио тогтоохгүйгээр өндөр  хэмжээнд байлгах, анхаарлаа сулруулахгүй байхыг цаг тутамд уриалсаар байна. 

Холбоотой мэдээ