Монгол-Оросын найрамдлын буухиа уулзалт Улаанбаатар-Улаан-Үдийн хооронд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-24 16:58:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хоёр орны хооронд зохиож буй "Найрамдлын буухиа" цахим цуврал уулзалтын ээлжит яриа өнөөдөр Русский Дом буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төвд боллоо. “100 жилийн турш хамтдаа” сэдэвт найрамдлын цахим буухиа уулзалтыг энэ удаа Улаанбаатар-Улаан-Үд хотын хооронд зохиов. 

Цахим уулзалтад Монгол Улсаас УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Н.Учрал, Д.Өнөрболор нар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Соёлын сайд Номин, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол-ОХУ-ын бизнес зөвлөлийн тэргүүн Э.Оюунтэгш, Сэлэнгэ, Дархан-Уул, Завхан аймгийн удирдлага, ОХУ-ын талаас Төрийн думын төлөөлөл, Буриад улсын Соёлын дэд сайд болон Улаан-Үд хотын дарга, ОХУ-ын ШУА-ийн төлөөлөгч нар, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцлоо. 




Уулзалтыг ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нээж, "Энэ онд хоёр орны хооронд олон түүхт ой тохиож, олон үйл явдал болж байна. Энэ бүхэн нь хоёр орны хамтын ажиллагаа, харилцааг улам өргөжүүлж байна" гэдгийг онцоллоо. ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх С.А.Краминцов мэндчилгээ дэвшүүллээ. 

Уулзалтыг энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн холбоо, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг,  ОХУ-ын хамтын ажиллагааны байгууллага "Россотрудничество" агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский Дом зохион байгуулав. 

Хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоор уг цахим буухиа уулзалтыг найман сарын турш хэрэгжүүлэх тухай "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас онцоллоо. Москва-Улаанбаатар хотоос эхэлсэн цахим буухиа уулзалт Новосибирск-Улаанбаатар, Барнаул-Улаанбаатар, Горно-Алтайск-Кызыл-Улаанбаатар хотоор өртөөчилж, 5 дахь уулзалтыг Эрхүү-Улаанбаатар хотоор буухиалсан юм. 


Холбоотой мэдээ