НҮБ-ын суурин төлөөлөгч Дундговь аймагт ажлын айлчлал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-23 17:33:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкевич Дундговь аймагт ажлын айлчлал хийж, төслийн үр дүнтэй танилцлаа.

Тэрээр аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нартай ажил хэргийн уулзалт хийж, орон нутагт хэрэгжсэн төслийн үр дүн, цаашид хийж хэрэгжүүлүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцжээ.

Тус хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ “Ковид-19" цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулахад хүртээмжтэй, салбар хоорондын уялдаатай хариу арга хэмжээ авах нь” төслийг 2020 оны 10 дугаар сараас хэрэгжүүлсэн ба төслийн хүрээнд хэд хэдэн үр дүн гарсныг тодорхойлжээ.

Тодруулбал, төслийн хүрээнд Нийгмийн ажилтны цахим мэдээллийн системийг нэвтрүүлэх ажлыг амжилттай туршсан бөгөөд нийгмийн ажилтнуудыг 62 зөөврийн таблет төхөөрөмж, хурууны хээ уншигч, шилжүүлэгч зэргээр хангаж, орон нутагт 84,305,292 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн ХХҮГ-т дуудлагын үйлчилгээ бүхий “Зайнаас зөвлөн туслах төв”-ийг байгуулан 7,484,000 төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангаж, ажлын байрыг бий болгожээ.

Цаашид орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон санхүүжилтийг нутагшуулах, байгалийн нөөцийн зөв ашиглалт, орон нутгийн иргэдэд түшиглэсэн эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцжээ.

Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс нийгмийн ажилтнуудын дунд зарласан иргэдэд үзүүлэх үйлчилгээний шинэлэг санаа, санаачилгыг дэмжих төслийн уралдаанд тус аймгаас оролцсон “Арвижих”, “Солонгон бүрхэвч”, “Нийгмийн ажилтны нэгдсэн төв” төслийн гурван баг шалгарчээ. 

Холбоотой мэдээ