Дундговь аймгийн ОБГ-ыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-23 12:26:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн ОБГ-ыг төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”-оор шагнажээ.

Энэ сарын 22-нд шагнал гардуулах ёслолд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Онцгой байдлын Ерөнхий газрын захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар оролцон баяр хүргэж үг хэллээ.

Аймгийн ОБГ нь 2004 онд Гамшгаас хамгаалах штаб, 2005 онд Онцгой байдлын хэлтэс, 2015 онд Онцгой байдлын газар болон өргөжиж, орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгт бүхий байгууллага юм.

Тус байгууллага нь 2010 онд ажлын шинэ байр барьж, ойр орчноо тохижуулж, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулсны дээр 8 айлын болон 40 айлын орон сууц барьж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэжээ.

ОБГ нь 2010 оноос хойш 3 удаа Дундговь аймгийн “Тэргүүний хамт олон”, 2015, 2019 онд салбарынхаа “Тэргүүний хамт олон”-оор тус тус шалгарснаас гадна 2019 онд “Шилдэг бүтээн байгуулалтай байгууллага”, “Шилдэг гэрэлтүүлэгтэй байгууллага”, “Шилдэг удирдагчтай байгууллага” болж, аймаг орон нутагтаа төдийгүй салбартаа ажил үйлсээрээ тэргүүлж байна. 

Онцгой байдлын газар сүүлийн 10 жилд аюулт үзэгдэл, ослын нийт 1337 удаагийн дуудлага хүлээн авч, 758 хүний амь авран хамгаалж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 10.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан аж.

Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг даргын шийдвэрээр тус албанд суудлын машин хүлээлгэн өгчээ. 

Холбоотой мэдээ