Ардчилсан намыхан эсэргүүцлийн суултаа зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-24 13:02:59

ВАШИНГТОН. /ВВС/. Буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгахыг шаардаж буй АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд бараг 26 цаг үргэлжилсэн эсэргүүцлийн суултаа зогсоожээ.

Тэд лхагва гарагаас эсэргүүцлийн суулт хийж эхэлсэн юм. Флорида муж улсын Орландо хотын ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт буугаар зэвсэглэсэн этгээд олон хүний аминд хүрсэн хэрэг саяхан гарсантай холбогдуулан буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгахыг тэд шаардаж байгаа юм.  

Харин тус танхимд олонхын суудал бүхий Бүгд найрамдах намынхан буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгахыг эсэргүүцэж байгаа ажээ. Тэд эсэргүүцлийн суултыг “олон нийтийг өөртөө татах гэсэн ов мэх” гэж үзэж байв.

Төлөөлөгчдийн танхим долдугаар сарын 4 хүртэл буюу Тусгаар тогтнолын өдөр хүртэл завсарлага авчээ.

Буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтын тухай асуудал нь энэ оны 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн кампанит ажлын мэтгэлцээний гол сэдвүүдийн нэг болох нь тодорхой. 

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ