Кувейт улс ОУОХ-ны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ

Дэлхийд | Спорт
sarnai@montsame.mn
2016-06-24 12:09:58

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Кувейтийн тамирчдыг олон улсын уралдаан тэмцээнд  оролцуулахгүй гэсэн шийдвэрийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөр болгож Олон улсын Олимпын хорооноос 1 тэрбум доллар гаргуулан авахын тулд Кувейтийн тал Швейцарийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ тухай КУНА агентлаг мэдээлжээ.

Кувейтийн засгийн газар тус улсын Үндэсний Олимпын хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа учраас ОУОХ-ны шийдвэрээр 2015 оны 10 дугаар сард Кувейтийн Үндэсний Олимпын хорооны гишүүнчлэлийг цуцалсан юм. Ийм арга  хэмжээ нь тус улсын засгийн газар Кувейт дэх Олимпын хөдөлгөөнд зохисгүй хэлбэрээр хөндлөнгөөс оролцож байгааг таслан зогсооход чиглэжээ. Зарим хэвлэлд бичсэнээр, Кувейтийн багийг "Рио-2016"-д оролцуулахгүй гэсэн шийдвэрийг хэвээр үлдээх бололтой байна.

Үүнтэй холбогдуулан “манай тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй” гэж тус улсын Мэдээллийн сайд Салман Аль-Хамуд Аль- Сабах мэдэгдлээ.

ОУОХ-ны зүгээс өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх хугацаанд байдлыг засч залруулах боломжийг Кувейтийн Засгийн газарт олгосон юм. Тухайлбал, тус улсын спорттой холбоотой хууль дүрмэнд байгаа зарим эргэлзээ төрүүлэхээр заалтуудыг хасахыг зөвлөсөн аж. Гэтэл дээрх хугацаа өнгөрчихөөд байхад засгийн газар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ