Малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-21 17:08:38

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар сумын хэмжээнд мөрдөх малын тоо толгойд ногдох албан татварын хэмжээг тогтоожээ.

Энэ сарын 18-ны өдрийн хурлаараа Сүхбаатар сумын малчин, мал бүхий иргэдээс авах малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоосон байна. Үүнд адуу 2000, үхэр 1500, хонь 1000, ямаа 2000, тэмээ 2000 төгрөг байхаар тус тус тогтоожээ. Тогтоол, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдөх юм байна.

Монгол Улсын хэмжээнд Албан татварын тухай хуульд зааснаар нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг 0-2000 төгрөг байхаар хуульчилсан байдаг аж. Иймээс тус хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр багтаан тогтоохоор зохицуулсан байдаг журамтай юм байна. 

Холбоотой мэдээ