Буудайн тариалалт төлөвлөсөн хэмжээндээ хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд одоогоор нийт 536.6 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалт 104.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 103.2, төмс 87.1, хүнсний ногоо 81.3, малын тэжээл 57.7, тосны ургамал 164.2 хувьтай байна.
Тариалалтын чанарыг соёололтоор хүлээж авсан дүнгээр 80 орчим хувь нь онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт чийг их байсантай холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүн байсан ч чийг хангалттай байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатай нөлөөлжээ. Ингэснээр намар төлөвлөсөн хэмжээний ургац авах боломж бүрдсэнийг ХХААХҮЯ мэдээлэв.
Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс
368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний
ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн
дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт
хийхээр зорьсон. Одоогоор буудайн
талбайд ургамал хамгаалал хийж, өсөлтийг
идэвхжүүлдэг органик бордоо өгөх,
хортноос хамгаалах ажил өрнөж байгаа
аж.
Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа
сэргээх” 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээнд арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум
төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан
банк, Хас банк, Голомт банк, ХХБ,
Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн
зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 316-д нь 38.5 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
ХААДС-гаас өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулж хүсэлт гаргасан 576 иргэн, аж ахуйн нэгжид 12.6 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн, 347.9 мянган литр шатахууныг 50 хувийн, 43.3 тн/л ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.