Үндэсний ном, бичиг соёлын өдрийг нийтээр тэмдэглэх хуулийн төслийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-06-17 16:39:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг, зарим улс орон үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр иржээ. Тэдгээр орон энэ өдөр бие биедээ ном бэлэглэж, зохиолч, нийтлэгчид өөрсдийн ном зохиолоо түгээн дэлгэрүүлэх зэргээр тэмдэглэдэг байна. 


Манай улсын 2000 оноос эхлэн зарим төрийн бус байгууллага өөрсдийн санаачилгаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид уг баярт идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд залуусын хүсэн хүлээдэг тэмдэглэлт өдрүүдийн нэг болжээ.


Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг дэмжих зорилгоор номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулсан байна.


Хуулийн төслөөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн 5.1.17 дахь заалтыг нэмэхээр зохицуулжээ.


Уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ