“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” тогтоолыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-17 14:56:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай”  тогтоолыг батлав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг УИХ товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг  2021 оны зургаадугаар сарын 25-ны 11 цаг 40 минутад байхаар тогтоож, УИХ тогтоол баталсан билээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг УИХ тогтооно” гэж заасан. Энэ дагуу УИХ-ын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын багийг байгуулсан. Ажлын баг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Энэ үндсэн дээр уг тогтоолын төслийг боловсруулжээ.


Тэрбээр, УИХ-ын 1993 оны 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өнгөрсөн хугацаанд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хамгийн сүүлд уг журамд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг журамд зарим өөрчлөлт оруулах саналаа Төрийн ёслолын хэлтсээс Ажлын багт ирүүлсэн. Энэ үндсэн дээр журамд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Ажлын баг үзсэнийг дурдав.


Уг журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулан Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулсан байхаар, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулахаар зохих бэлтгэлийг хангасан байхаар тусгажээ. Журамд шинэ сонгогдсон Ерөнхийлөгч гэргий /нөхөр/-ийн хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд мэхийн ёслоод Төрийн ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын баруун хаалгаар Төрийн ордны "Их Монгол" танхимд морилно. Үүний дараа УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн ирцийг мэдэгдэж чуулганы нэгдсэн хуралдааны ажиллагааг нээж “Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө” хэмээн зарлан мэдэгдэхээр заасан байна.


Тангараг өргөсөн Ерөнхийлөгч УИХ болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ. Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэхээр заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан цэргийн ёслолын жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд явуулахаар тусгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Төрийн тамгыг, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Төрийн хүндэт харуулын хамгаалалт дор байранд нь буцаан зарлахаар журмын төсөлд тусгасан байна.


Тогтоолын төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь дэмжиж батлав.

Холбоотой мэдээ