Саарал усны хэрэглээг нэмэх инновац, технологийн асуудлаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 12:57:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэвэр усыг хэмнэн, саарал усны хэрэглээг нэмэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.


Ажлын хэсэг гурван асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Үүнд, цэвэр ус их зарцуулдаг орон сууцад ухаалаг тоолуурт суурилсан техник, программ хангамжийн шийдэл бий болгох, усны хяналтын нэгдсэн удирдлагын систем нэвтрүүлэх, саарал усны хэрэглээг үе шаттай нэмэх, инновацлаг техник технологийн шийдлийг нутагшуулах, шинээр барих орон сууцад ахуйн хэрэглээний усыг дахин ашиглах шийдлийг нэвтрүүлэх ажил багтжээ.


Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын ахалж байгаа ажлын хэсэг өчигдөр хуралдаж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дарга Л.Тулгабаатар “Нийслэлд цэвэр усыг хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэх инновац технологийн шийдэл” илтгэл тавив.


Ажлын хэсгийн гишүүд тулгамдаж буй хууль, эрх зүйн орчин, судалгаа шинжилгээ, нэвтрүүлэх боломжтой инновац, технологийн шийдэл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА, НБОГ, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар зэрэг мэргэжлийн 15 байгууллагын удирдлага, албан хаагч багтжээ.

 

Холбоотой мэдээ