"Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-06-16 13:24:07
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Сүүлийн жилүүдэд суурин газрын хүн амын төвлөрөл, автомашины тоо өсөх, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхайн олборлолт, түүнтэй холбоотой дэд бүтэц нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин ихэссэн. Даланзадгад хотын агаарын бохирдлын 34% гэр хорооллын 5943 айл өрхийн зуух, 82 орчим аж ахуйн нэгжийн зуух, 65% ДзДЦС, үлдсэн хувийг автомашин, ил задгай хог хаягдлаас ялгаруулж байна гэж үздэг.
Тиймээс 2020-2024 онд "Агаарын бохирдолгүй Өмнөговь" хөтөлбөрийг үе шаттайгаар, бусад хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх юм. Тухайлбал дулааны хангамж, шугам сүлжээг өргөтгөх, шинээр дулааны эх үүсвэр барих, 2 тарифт тоолууртай айл өрхийн тоог нэмэх, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн орон сууцжуулах, бүс нутгийн цөлжилтийг бууруулах, ногоон төгөл байгуулахад дэмжих, гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, үйлдвэрийг уул уурхай түшиглэн байгуулах гэх зэргээр агаарын бохирдлыг бууруулах олон ажлыг хийх аж.
Холбоотой мэдээ