Их Британи ЕХ-нд үлдэх эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-23 09:40:15

ЛОНДОН. /NHK/. Их Британийг Европын Холбооны /ЕХ/ гишүүн улс хэвээр үлдэх эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга өнөөдөр болно.

Тус улсыг ЕХ-ноос гарахыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн тоо бараг тэнцүү байгааг хамгийн сүүлд явуулсан санал асуулгуудын дүн харуулж байна.

“ЕХ-нд үлдье” болон “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг өрнүүлэгчдийн аль аль нь сонгогчдын саналыг авах сүүлчийн оролдлогуудаа өчигдөр хийжээ.

“ЕХ-нд үлдье” кампанит ажлыг өрнүүлэгчид, тэдний дотор Ерөнхий сайд Дэвид Кэмерон хэлэхдээ “Их Британийн экспортолж буй барааны бараг тэн хагас нь ЕХ-нд ногддог  учир хэрвээ тус холбооноос гарвал эдийн засагт томоохон цохилт болно” гэв. Мөн аюулгүй байдлын хэлэлцээрүүд ч хүчингүй болно гэж "Үлдье" гэсэн талынхан үзэж байна.

Харин “ЕХ-ноос гаръя” кампанит ажлыг өрнүүлэгчид, тэдний дотор Консерватив намын хууль тогтоогч, Лондон хотын дарга асан Борис Жонсон хэлэхдээ “ЕХ-ны чөлөөт шилжилт хөдөлгөөний зарчим нь Их Британи руу чиглэсэн цагаачдын урсгалыг улам нэмэгдүүлнэ” гэж үзэж байна.  Түүнээс гадна, ЕХ-ны дүрэм журмууд нь Их Британийг өөрийн гэсэн арга хэмжээг авах боломжийг хааж байгаа аж.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ