Өнөөдөр нар хагас хиртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-10 11:11:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нарны хагас хиртэл өнөөдөр Монгол орны зарим аймгийн нутаг дэвсгэрт ажиглагдана.


Тухайлбал, нарны хагас хиртэл Улаанбаатар хотод 19.20 цагт, Дорнод аймагт 19.16, Хөвсгөл аймагт 19.18, Өмнөговь аймагт 19.30, Ховд аймагт 19.25 цагт эхэлж, цаг орчим үргэлжлэхийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тооцоолжээ.


Өнөөдрийн нарны хагас хиртэл нь нарны хүрээтэй хиртлийн төрөлд багтах бөгөөд хойд Канад, Гренланд, ОХУ зэрэг улс орны зарим нутагт ажиглах боломжтой. Мөн Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Азийн зарим газраар хагас хиртэл ажиглагдахыг тус хүрээлэн мэдээлэв.


Нарны хиртлийг бүтэн, хүрээтэй, хагас, холимог гэж ангилдаг байна. Сарны давхар (хагас) сүүдэр тусаж буй дэлхийн гадаргын хэсэг буюу сарны давхар сүүдэр гэж нэрлэгдэх конусын дотор нарны хагас хиртэл ажиглагдана. Хагас хиртлийн үед сар нь нарны тэргэлийн төвөөр биш харин зарим хэсгийг нь халхлан дайран өнгөрдөг байна.


Нар хиртэх үзэгдэл зөвхөн нар, сар хоёр тохиох үед буюу монгол билгийн тооллын шинийн нэгэнд л болно. Харин шинийн нэгэн бүхэнд хиртэл болдоггүй шалтгаан нь дэлхийг тойрон эргэх сарны зам, нарыг тойрон эргэх дэлхийн замын хавтгайтай давхацдаггүйтэй уялдаатай аж.

Харин нарны бүтэн хиртлийн үед гэв гэнэт хав харанхуй болж тэнгэрт од, эрхэс түгэж гялалзана. Нарыг тойрон түүний титэм гэж нэрлэгдэх агаар мандлын нь гадаад хэсэг сувдан өнгөөр цайран харагдаж, хүн, амьтад тайван бус болж, зүрх, судасны өвчтэй хүмүүс стресст орж болзошгүй байдаг аж.  Нарны бүтэн хиртэх хугацаа 7 минутаас хэтэрдэггүй, ихэвчлэн 2-3 минут байдаг бөгөөд зөвхөн 2186 оны 7 дугаар сарын 16-нд 7 мин 29 сек үргэлжлэх хиртэл болох аж.



 

 

 

Холбоотой мэдээ