Ажлын байрыг дэмжих зээлийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, 3 их наядад хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Маргааш Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр болж, бүх нийтээрээ амрах тул ийнхүү Засгийн газар өнөөдөр хуралдаж, хуралдааны эхэнд гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өглөө. Нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж. Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаярыг томилсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийг эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах чиглэл өгөв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн 6 дүүрэгт ажилласан ажлын тайланг сонссон байна. Нийслэлд автозамын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр зарим уулзварт нүхэн гарц хийх ажлын төсвийг 2022 оны улсын төсөвт суулгах чиглэл өгчээ. Мөн Бэлх, Сэлхийн далан байгуулах ажлыг 2022 улсын төсөвт суулгахаар болсон байна. Үүнээс гадна Баянгол дүүрэгт Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон тохижуулах талаар Засгийн газрын гишүүд санал нэгджээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн Ажлыг байрыг дэмжих, эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн байдлыг танилцуулсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар 3 хувийн хүүтэй зээлийг 16 193 зээлдэгч аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байрыг хадгалж үлдээд байна. Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцолжээ. 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.