“Монгол Экспорт хөтөлбөр”-ийн II үе шатны төлөвлөгөөг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-07 12:40:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн гуравдугаар хуралдаан энэ сарын 4-нд боллоо.


Хуралдаанд Зөвлөлийн гишүүн байгууллагуудын 50 гаруй албаны хүмүүс танхимаар болон цахимаар оролцов. Хуралдааныг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин даргалж, “Монгол Экспорт хөтөлбөр”-ийн I үе шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн, II үе шатны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Энэ удаагийн “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хуралдаанд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Европын Холбооны санхүүжилттэй “Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл”, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” зэрэг экспортыг дэмжих зарим төслүүдийн талаар хэрэгжүүлэгч байгууллагуудаас мэдээлэл хийсэн байна. Мөн Женев дэх Олон улсын худалдааны төвийн мэргэжилтнүүд цахимаар оролцож тус төвийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураглал”-ын талаар дэлгэрэнгүй илтгэл тавив.

ГХЯ-наас төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэх, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд Кластер дээр суурилсан уул уурхайн бус экспортын тогтолцоог хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд суурилсан экспортыг дэмжих, сурталчлах төвүүдийг Европын Холбоо, ӨМӨЗО-ны Хөххотод байгуулах ажлыг МҮХАҮТ болон холбогдох бусад байгууллагуудтай хамран хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ