Өрхийн сарын дундаж орлого багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-04 11:29:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2021 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 58.6 (3.9 хувь) мянган төгрөгөөр багасаж, харин өмнөх улирлынхаас 25.5 (1.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгджээ.


Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ  оны эхний улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 74.5 (6.2 хувь) мянга, өмнөх улирлынхаас 14.2 (1.2 хувь) мянган төгрөгөөр багаслаа.


Өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлынхаас 1.2 хувиар багасахад цалин хөлсний бодит орлого 37.1 (6.5 хувь) мянган төгрөгөөр буурсан нь нөлөөлөв.


Дээрх хугацаанд өрхийн сарын дундаж нийт орлогын 92.3 хувийг мөнгөн орлого, 3.1 хувийг бусдаас үнэгүй авсан хүнс, хүнсний бус бүтээгдэхүүн, 4.6 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 51.3, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 27, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 8, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6, бусад орлого 8.1 хувийг эзэлж байна.


Өрхийн сарын дундаж мөнгөн орлого, оны үнээр энэ оны эхний улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.1 (3.2 хувь) мянган төгрөгөөр багаслаа. Үүнд цалин хөлсний орлого 72.5 (9.5 хувь) мянга, бусад орлого 38.4 (26.2 хувь) мянга, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 21.8 (22.5 хувь) мянга, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 18.9 (15.1 хувь) мянган төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.


Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлого өмнөх улирлынхаас 18.5 (1.4 хувь) мянган төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэвэр, тэтгэмжийн орлого 46.6 (14.8 хувь) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

Холбоотой мэдээ