Нийслэлийнхний 99.9 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-03 11:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн вакцинаар нийт 14 048 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.9 хувь буюу 952 154  нь эхний тунг, 72.9 хувь буюу 759 037 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 908 761 хүн, хоёрдугаар тунг 614 159 хүн тариулаад байна.

 

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 860 915 хүн, хоёрдугаар тунгаар 1 373 196 хүн буюу 66.4 хувийг дархлаажуулаад байгаа юм.

 

Насны бүлгийн хувьд, 18-34 насныхан вакцинд хамрагдалт хамгийн бага байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаагүй учир дээрх насныхан "Ковид-19"-өөр халдварлаж байгааг ЭМЯ-наас анхааруулав.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)


Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Холбоотой мэдээ