Ханбогд сумаас Хөдөлмөрийн баатар тэмээчин төрөн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-27 12:45:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Хөдөлмөрийн баатар тэмээчин төрөн гарлаа. 

Тус сумын Баян багийн тэмээчин Ж.Тогтохсүрэн өчигдөр уг хүндэт шагналаа гардан аваад нутагтаа иржээ. Тэрээр 1988 оноос хойш тэмээ маллаж байгаа удам дэмжсэн тэмээчин юм. Дунд сургуулиа дүүргээд илгээлтээр тэмээчин болсон тэрээр цэргийн алба хаахдаа ч тэмээчин цэрэг байсан тухайгаа хуучилж, тасралтгүй 33 жил тэмээн сүрэг маллаж байгаа гэлээ. 1200 гаруй тэмээн сүрэг тоолуулсан мянгат тэмээчин бөгөөд нэг ээлжиндээ 200 гаруй ингэ ботголуулдаг аж. Мөн тэрээр 2016 онд Монгол Улсын "Сайн малчин" болж байсан. 

Хөдөлмөрийн баатар Ж.Тогтохсүрэн "Ээж маань тэмээчин хүн байсан. Тиймээс удам дагаж тэмээчин болсон. Тэмээгээ нутагшуулан маллаж байгаа тул туслах малчин байнга авах шаардлага гардаггүй. Соёлын өв уламжлалаа хадгалж яваа бэлчээрийн мал аж ахуйгаа бид хадгалж явах учиртай гэж боддог" гэлээ. 

Ташрамд, Ханбогд сум нь Галбын улаан үүлдрийн тэмээтэй нутаг юм. 

Холбоотой мэдээ