Чингис хот - Бэрх чиглэлийн 70 км автозамыг 2022 онд ашиглалтад оруулна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-21 20:03:41

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаныхан Хэнтий аймагт ажиллах үеэрээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явцтай танилцлаа.

Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан”, “Анандын зам” ХХК-иудын түншлэл 2019 онд ашиглалтад оруулсан. Авто замын барилгын ажлыг анх 2022 онд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Тус ажил эхлээд 25 дахь км-тээ үргэлжилж байгаа бөгөөд “Наранбулаг Хан” ХХК, туслан гүйцтгэгчээр “Харгуй” ТӨХК нийтдээ 100 шахам ажилтантайгаар гүйцэтгэж байна.

Уг авто зам нь долоон метрийн өргөнтэй, цементээр бэхжүүлсэн суурь, хөлдөлтөөс хамгаалсан үе, хоёр үеийн асфальт бетонан хучилт замын хийцтэй хийгдэж байна. Үлдэх 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уясан байдалтай явж байгаа. Энэ удаагийн томилолт их чухал. Засгийн газар хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байна. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ руу шууд гарах гарц, нэг үгээр хэлбэл олон улсын автозам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхдээ шат дараатайгаар буюу төлөвлөгөөнд үндэслэн бүтээн байгуулалт хийх нь илүү үр ашигтай” гэлээ.

Холбоотой мэдээ