Үндэсний монгол бичгээ дээдлэн хэрэгжүүлэгч байгууллагыг батламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлэн төрийн болон хэвлэл мэдээллийн зарим байгууллагад өчигдөр өргөмжлөл, батламж гардуулав.
Тодруулбал, МҮОНРТ-ийн дэлгэцийн бичвэрийг 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл, монгол бичгээр зэрэгцүүлэн бичих ажлыг эхлүүлэхээр заасныг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж байгаа УИХ-ын Тамгын газрын “Төрийн мэдээлэл” эмхэтгэл, МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн хамт олныг тус тус "Үндэсний монгол бичгээ дээдлэн хэрэгжүүлэгч" байгууллагаар тодруулан батламж гардууллаа. Мөн үндэсний монгол бичгээрээ сониныхоо онцлох нүүрийг гаргах болсон өдөрт тутмын “Үндэсний шуудан”, “Ардчилал” сонин, монгол бичгээр эрхлэн гаргадаг “Уламжлал” сэтгүүлд тус тус өргөмжлөл олгов.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаян энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн хүрээнд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх болсон. Энэ хүрээнд 2016 оноос эхлэн Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс монгол хэл, бичгээ хамгаалах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй байгууллага, хувь хүмүүст өргөмжлөл олгодог болсныг онцлон тэмдэглэв.