Говь-Алтайн музей 2500 орчим үзмэртэй

Фото
185@montsame.mn
2021-05-18 18:30:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын музейн өдөр тохиож байна. Говь-Алтай аймгийн музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж, 1967 оноос Музей болон өргөжжээ. 

Говь-Алтай аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм. Тус аймгийн Орон нутгийг судлах музей нийт 2500 орчим үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн танхимуудад 1600 шахам соёлын үнэт үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, Галданбошигт хааны хэрэглэж байсан 17 дугаар зууны үеийн эмээл, МЭӨ VII-III зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы барс бариултай мөнгөн тамга, сийлбэрч О.Сандагийн урласан “Зааны ясан шатар” зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон бий.

Тус музейн хамт олон 2019 онд “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ын дэмжлэгээр УИХ-ын гишүүн Ц.Дашдорж агсны нэрэмжит танхимыг байгуулж, үзмэрийн тоогоо нэмэгдүүлжээ. Цээл сумын уугуул, УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан Ц.Дашдорж агсны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн 240 гаруй үзмэрийг уг танхимд дэлгэн олны хүртээл болгосон юм. Түүнчлэн тус аймгийн Орон нутаг судлах музейд эрдэмтэн, зохиолч Ч.Лодойдамба агсны эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс бүрдсэн гэр музей ч бий.