БНХАУ сансрын станцынхаа гол модулийг тойрог замд туршиж дуусжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2021-05-18 15:47:42

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын мэргэжилтнүүд үндэсний сансрын станцын гол модулийг тойрог замд туршиж дууслаа гэж тус улсын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдэгдэв.


“Сансрын нисэгчдийг байрлуулах, сансрын хөлгийг залгахтай холбоотой функцүүдийг туршиж дууссанаас гадна, гар-манипуляторын ажиллагааг шалгаж дууслаа. Бүх тоног төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа бөгөөд Тяньхэ модуль “Тяньжоу-2” хөлгийг хүлээн авахад бэлэн болсон” гэж мэдэгдэлд дурджээ.


Сансарт ачаа хүргэх зориулалттай “Тяньжоу-2” хөлгийг өнгөрсөн ням гарагт "Чанжэн-7" зөөгч пуужингийн хамт Хайнань арлын Вэньчан сансрын буудалд хүргэжээ. Уг хөлгийг энэ долоо хоногт хөөргөх юм.


БНХАУ дөрөвдүгээр сарын 29-нд сансрын станцынхаа үндсэн модулийг "Чанжэн-5" зөөгч пуужингаар тойрог замд гаргасан билээ. “Тяньжоу-2” хөлөг залгагдсанаар сансрын станцыг угсрах гол үе шат эхэлнэ. 


"Тяньгун"  буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэрлэсэн тойргийн замын станцаа тус улс бага тойрог замд 340-450 км-ийн өндөрт барихаар төлөвлөж байгаа юм. "Тяньгун" станц нь T хэлбэртэй байх бөгөөд дунд хэсэгт нь "Тяньхэ" үндсэн модуль, хоёр талд нь лабораторийн хоёр модулийг угсарна. Лабораторийн модуль тус бүрийн жин 20 гаруй тонн, станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх аж. Сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой байна.


Уг станцыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Хятадын эрх баригчдын амласны дагуу олон улсын төслүүдэд ашиглах боломжтой болно.

Холбоотой мэдээ