Төгсөх ангийн сурагчид танхимын давтлага авч эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-05-18 14:37:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд төгсөх ангийн сурагчид танхимын давтлагад хамрагдаж эхэллээ. Эрсдэлийн түвшин буурвал төгсөх ангийн сурагчдын танхимын давтлагыг эхлүүлнэ гэж УОК-оос өмнө мэдээлж байсан. Энэ хүрээнд танхимын давтлагыг халдвар хамгааллын дэглэм баримтлан хичээллүүлж байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулийг 1247 сурагч төгсөнө. Эдгээр сурагчдын 90 орчим хувь нь одоогоор коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан аж. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, их дээд сургуульд элсэн суралцах чухал шалгуурын өмнө ирж байгаа төгсөх ангийн сурагчид танхимын давтлагаа авч эхэлсэн нь шалгалт өгөхөд эерэгээр нөлөөлнө гэж эцэг эхчүүд үзэж байна.

5 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлсэн төгсөх ангийн сурагчдын танхимын давтлагыг нэг сарын хугацаанд өгнө. Ингэхдээ нэг ангид 10-аас хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ