“Алтан ноён галуу хүү” тууль телевизийн бүтээл болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-21 11:16:41

Төв Халхын “15 настай Алтан ноён галуу хүү” туулиар Үндэсний олон нийтийн телевиз кино зохиомж бүтээхээр Мандалговьд зураг авалтыг эхлүүлжээ. Туулийг Төв Халхын эмэгтэй туульч, МУСТА Х. Цэрэнчимэд хайлах бөгөөд тэрээр, телевизийн энэ бүтээл нь өөрийн амьдрал төдийгүй төв халх эмэгтэй туулийг өвлүүлэн авч явсан эмэгтэйчүүд, Монголын нийт ард түмэнд үлдэх өв болно хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Алтан ноён галуу хүү” туулийг тэрээр 1984 онд анх сурсан байна. Өвөрхангай аймгийн Баруунбаян- Улаан сумын харъяа Ичинхорлоо гэдэг эмэгтэй энэ туулийг хайлж хальсанд бичиж үлдээснийг тууль судлаач Нарантуяа надад сонсгосноор анх энэ туулийг сэргээсэн түүхтэй. Энэ туулийг хайлж би Төв Халхын эмэгтэй туульч, Төв Ази, Олон улсын өргөмжлөлт туульч болсон хэмээн туульч Х.Цэрэнчимэд сонирхууллаа.

Төв халх тууль нь хэмжээ богино,  үг хэллэг тод, аялгуу нь уянгалаг, баруун монголын тууль шиг хоолой шахаж аялгуулдаггүйгээр ялгаатай. Тууль дотор үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр үг гээд аман зохиолын бүх төрөл багтаж байдаг, ардын аман зохиолын хамгийн том төрөл. Нөгөөтэйгүүр баруун Монголд эмэгтэй хүн тууль хайлдаггүй бол Халхад ихэвчлэн эмэгтэйчүүд хэлдэг тэр жаягийг хадгалж яваагийн хувьд төрөлх нутагтаа ардын энэ өв соёлыг уламжлуулан үлдээхээр ажиллаж байгаа гэсэн юм.

“Алтан ноён галуу хүү” туулийг бүтнээр нь хайлахад 48 минутын хугацаа шаардагддаг, 502 шад мөрийг аргасан хуураар аялгуулан хэлдэг байна. Зохиомжит киноны дүрүүдэд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын багш нар оролцон тоглох юм байна.  

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ