Хэргийг прокурорт буцааж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-14 15:10:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн өнөөдрийн шүүх хуралдаанаар, С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт ял эдэлж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэж, хэргийг прокурорт буцаав.


Тодруулбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн үндэслэлээр холбогдох Б.Хурц нарын хүмүүст 1-2 жилийн хорих ял оноосон юм. Тиймээс прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах дүгнэлт бичиж, Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. 


Хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцааж шийдвэрлэв.


Хэргийг прокурорт очтол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Харин уг хэрэгт хамт нэр холбогдсон Ц.Амгаланбаатар нь өөр хэргээр ял шийтгүүлсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа юм. 

Холбоотой мэдээ