Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-13 15:52:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн шинэ нам байгуулах шийдвэр гаргаснаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.


Тэрбээр Ардчилсан намаас гарах өргөдлөө өчигдөр буюу энэ сарын 12-нд өгсөн байна. Энэ талаар Ц.Оюунгэрэл мэдээлэхдээ, “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Ингээд холбогдох байгууллагуудаас Иргэний оролцооны нэгдэл нам (ИОНН) гэсэн нэр баталгаажуулж авлаа. Энэ намаа зах зээлд итгэдэг, хувийн хэвшилд итгэдэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг иргэдийн өмнө нээлттэй байлгана” гэлээ.

Улс төрийн намын тухай хуулиар шинэ намыг 801-ээс доошгүй гишүүн элсүүлсэн байх, намын нэр, бэлгэдэл, далбаа, дүрэмтэй байх зэргийг харгалзан Улсын дээд шүүх бүртгэснээр байгуулах юм.


УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шинэ намдаа элсэх иргэдийг бүртгэх гар утасны аппликейшн боловсруулж байгаа аж. Мөн намын дүрмийн төслөө бэлтгэсэн гэдгийг тэрбээр мэдээлсэн юм.

Холбоотой мэдээ