Эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автобус шатжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-12 14:57:03

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан автобус өчигдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт шатжээ.

Энэ сарын 11-ний өдрийн 12:52 цагт Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт иргэн Т-ийн тээврийн хэрэгсэл (автобус) шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу гал түймэр унтраах 59 дүгээр ангийн таван албан хаагч газар дээр нь ажиллаж, 1 цаг 55 минутын хугацаанд галыг бүрэн унтрааж иргэн Т-д хүлээлгэн өгсөн аж. 

Уг автобус тус аймгийн "Улаан туг" багийн Дундын овоо гэдэг газарт буюу Говь-Алтай аймгийн төвөөс баруун хойд зүгт 40 км, Шарга сумын төвөөс зүүн урд зүгт 30 км зайд шатаж байжээ.

Автобусанд хоёр жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл, бусад төрлийн ачаа ачсан байв. Галын аюулын улмаас хүний амь эрсдээгүй. Харин автобусны ачаа бүгд шатсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэллээ.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна.  

Холбоотой мэдээ